Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын чанар, хүртээмж, хамрагдалтыг сайжруулах, суралцахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, багш, эцэг эх, сурагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг дэмжих” хоёр сарын аян эхэллээ.
Аяны хүрээнд хүүхэд бүрийн хэрэгцээнд нийцсэн сургалтын дэмжлэг үзүүлэх, хүртээмжтэй орчин бүрдүүлэх, багш, ажилтнуудын арга зүйн чадавхыг дээшлүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.
Тус аймагт 138 мянга гаруй хүн ам оршин суудаг бөгөөд үүнээс 5000 гаруй буюу 4.4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.
Үүний дотор 662 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Цэцэрлэгийн насны 118 хүүхдээс 11 хүүхэд цэцэрлэгт хамрагддаггүй, сургуулийн насны 542 хүүхдээс 47 хүүхэд юун ч хамрагддаггүй гэсэн судалгаа гарчээ.
Аяны хүрээнд сургууль бүр “2 хүүхэд нэг дэмжлэгийн баг” нэрийн дор сургууль цэцэрлэг завсардсан нэг хүүхэд, явуулын үйлчилгээгээр боловсролын үйлчилгээ авч байгаа сургуульд явдаггүй нэг хүүхдэд боловсролын үйлчилгээг хүргэнэ. Өөрөөр хэлбэл танхимаар суралцаж чадахгүй байгаа хүүхдийг сонгоод ажиллах юм байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дээр ажиллаад ямар үр дүнд хүрснийг түгээн дэлгэрүүлэх “Хайраар ургуулагч багш”, дэмжлэгийн багийн сайн туршлагын цахим санг бүрдүүлэх дэмжлэгийн багийн инновац гэсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр болсон гэдгийг Боловсролын газрын мэргэжилтэн Д.Даваажаргал хэллээ.

