Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбооны төлөөлөл Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатартай уулзаж, Мөрөн суманд ноос, ноолуур, сарлагийн хөөвөр боловсруулах, утас ээрэх үйлдвэр байгуулах төслөө танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний зорилтын хүрээнд малын гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэхээр уг төслийг боловсруулжээ.

Хөвсгөл аймгийн ноолуур, хонины ноос, сарлагийн хөөврийн нөөцөд тулгуурлан байгуулах үйлдвэр нь орон нутгийн түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар төслийг холбогдох байгууллагуудтай хамтран судалж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээ илэрхийллээ.
Уулзалтад тус холбооны тэргүүн Б.Ганбат, тэргүүлэгч Л.Чинболд, аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Аззаяа, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга, тус газрын хүнс, хөдөө аж ахуйн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Билэгдэмбэрэл нар оролцов.