Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн байна. Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн мотобуудлагын батальон БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хүрээнд тус улсын Юнит муж дахь Хойд секторт үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэсэн нэг жил бол монгол цэргийн дайчин уламжлал, сахилга бат, зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг нотлон харуулсан жил байсныг цэргийн багийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ илтгэлээ.
Энхийг сахиулагчид энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ нэр төртэй биелүүлснийг Ерөнхийлөгч онцлон тэмдэглээд өнгөрсөн хоёр, гуравдугаар сард Абьемном сууринд гарсан зэвсэгт мөргөлдөөний үеэр мянга мянган энгийн иргэний аюулгүй байдлыг хангаж, шархадсан, дүрвэсэн иргэдэд эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг тодотголоо. “Монгол цэрэг” хэмээх нэрийг дуурсгаж байгаа энхийг сахиулагчид Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж байгааг дурдаад, энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсэн дайчид болон тэдний бат бэх ар тал болсон гэр бүлд нь талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
15 дугаар ээлжийн мотобуудлагын батальон “UNMISS” ажиллагааны “Шилдэг үүрэг гүйцэтгэлтэй батальон”-оор шалгарч, Хүчний командлагчийн шагнал хүртсэн байна.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Зэвсэгт хүчний 032-р ангийн ахлагч, тэргүүн ахлагч Л.Батцэнгэл,
Зэвсэгт хүчний 345-р нэгтгэлийн ахлагч, тэргүүн ахлагч О.Энхболд,
Зэвсэгт хүчний 335-р ангийн Материал, техникийн хангалтын салааны тээврийн тасгийн жолооч, сургагч ахлагч А.Шатар,
Цэргийн гавьяаны одонгоор:
Зэвсэгт хүчний 331-р ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, Штабын дарга, дэд хурандаа С.Бат-Эрдэнэ,
Зэвсэгт хүчний 337-р ангийн Байлдааны хангалтын салбарын онгоц, нисдэг тэрэг хадгалах бүлгийн дарга, хошууч М.Эрдэнэбаатар,
Зэвсэгт хүчний 353-р ангийн ахлагч, тэргүүн ахлагч М.Батмөнх,
Зэвсэгт хүчний 089-р ангийн тусгай тээвэрийн ротын жолооч, сургагч ахлагч Р.Бэгзсүрэн нарын найман алба хаагч,
Цэргийн хүндэт медалиар:
Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Сургалтын ахлах офицер, хошууч Л.Галхүү,
Зэвсэгт хүчний 186-р ангийн Танкийн ротын механик жолооч, ахлах ахлагч Д.Нэргүй нарын тэргүүтэй 53 алба хаагч,
Энхийн төлөө медалиар:
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах офицер, ахмад С.Батболд,
Хилийн цэргийн 0311-р ангийн 0290 дүгээр салбарын Сургалт, цэргийн албаны офицер, дэслэгч Т.Алтангэрэл нарын тэргүүтэй 188 алба хаагчийг шагнасан байна.
Манай улс 2002 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч офицероо илгээсэн түүхтэй. Өнөөг хүртэл хугацаанд Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 24 мянга гаруй алба хаагч 23 ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна.