Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Увс аймагт ус, цаг уурын ажиглалт, шинжилгээний ажлын эх суурь 1936 оны арванхоёрдугаар сарын 25-нд тавигджээ. Тухайн үед ЗХУ-ын тусламжтайгаар Улаангомд цаг уурын станц байгуулж, дөрвөн ажиглагч цаг агаарын хэмжилт, ажиглалт хийж эхэлсэн байна.
Өдгөө 90 жилийн түүхтэй тус байгууллага нь цаг агаарын урьдчилсан мэдээ боловсруулах, уур амьсгалын судалгаа, ус судлал, байгаль орчны шинжилгээ, хөдөө аж ахуйн цаг уур, аэрологи, холбоо мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Орон нутагт цаг уурын долоон өртөө, хөдөө аж ахуйн цаг уурын 10 харуул, ус судлалын долоон харуул, байгаль орчны шинжилгээний нэг харуул ажиллаж байна.
Ус судлалын ажиглалт 1960 онд Баруунтуруун голд ус зүйн харуул байгуулснаар эхэлжээ. Тухайн үед голын усны түвшнийг өдөрт хоёр удаа хэмжиж байсан бол одоо аймгийн таван гол, хоёр нуурын ус, мөсний горимд ажиглалт, судалгаа хийж байна.
Харин цаг агаарын урьдчилсан мэдээ боловсруулах товчоог 1979 онд байгуулжээ. Тус товчоо нь цаг уурын нэгдсэн сүлжээгээр дамжуулан дотоодын болон дэлхийн цаг уурын төвүүдээс мэдээлэл хүлээн авч боловсруулан, орон нутгийн иргэд, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд богино болон урт хугацааны мэдээ, урьдчилсан мэдээ хүргэдэг. Мөн иргэний агаарын тээврийн нислэгийг цаг агаарын мэдээллээр хангах үүрэгтэй.
Ташрамд, Увс аймгийн ус, цаг уурын салбарын түүхэнд олон улсын судалгаанд оролцсон нэгэн хүний түүх онцгой байр суурь эзэлдэг. 1972 оны арванхоёрдугаар сард Улаангом аэрологийн станцын инженерээр ажиллаж байсан Ж.Цэрэндэлэг Антарктид тивийг судлах олон улсын хайгуул, шинжилгээний багийн бүрэлдэхүүнд оролцсон анхны монгол хүн болжээ.