Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

СӨҮЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /Yonhap/. Өмнөд Солонгост энэ оны татварын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авах шалгалтад хуулж, хамгийн өндөр оноо авсан байж болзошгүй нэгэн эрэгтэйн ашигласан жижиг камерыг цагдаагийн байгууллага хураан авсан тухай албаны хүмүүс даваа гарагт мэдээллээ.
Уг эрэгтэй дэвшилтэт хиймэл оюун ашиглан шалгалтад хуулсан гэдгээ ням гарагт хүлээжээ. Түүний өмгөөлөгч шалгалтын үеэр ашигласан гэх камер, зөөврийн компьютер, гар утсыг нотлох баримт болгон цагдаад хүлээлгэн өгсөн байна.
Шалгалтын эхний шатанд бараг бүх асуултад зөв хариулж, маш өндөр оноо авсан нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсний дараа уг эрэгтэй хуулснаа хүлээжээ.
Хурааж авсан төхөөрөмжүүдийг шалгалтын үеэр үнэхээр ашигласан эсэхийг тогтоохоор шалгаж байгаа, мөн сэжигтнийг дуудаж байцаалт авахаар төлөвлөж байгаагаа цагдаагийн газраас мэдэгджээ. Харин хураан авсан төхөөрөмжүүдийн дунд жижиг чихэвч болон хиймэл оюунт нүдний шил байгаагүй аж.
Энэхүү дуулиан нь энэ пүрэв гарагт болох их, дээд сургуульд элсэх улсын шалгалтын үеэр хиймэл оюунд суурилсан нууц төхөөрөмж ашиглан хуулах тохиолдол гарч болзошгүй гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлжээ.
Сөүлийн Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, шалгалтын үеэр зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээ авах ажлын хэсгийг улсын хэмжээнд байгуулж, орон нутгийн боловсролын газруудтай шууд холбогдох утас ажиллуулахаар төлөвлөж байна.
Цагдаагийн байгууллага жил бүр Боловсролын яамны хүсэлтээр элсэлтийн шалгалтын үеэр гарч болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор ийм ажлын хэсэг байгуулдаг байна.