Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Төрийн ордны хойд талд байрладаг Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлэн, засаж байна.
Хөшөөний цуурсан суурийг байгалийн боржин чулуугаар бэхжүүлэн, тамгыг нь хүрлээр цутгаж буцаан байршуулна гэж НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. Сүхбаатар дүүрэгт байрладаг тус хөшөөг 11 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд засаж дуусгахаар төлөвлөжээ.
Монгол төрийн тамганы хөшөө нь Монголын төр ёсны түүх, төрийн бэлгэдэл, залгамж чанарыг илэрхийлсэн түүхэн дурсгал бөгөөд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан зураач Д.Наранжавын эх загвараар 2006 онд бүтээжээ. Хөшөөний дөрвөн талд Монголын төрийн өөр өөр цаг үеийн тамгыг дүрсэлсэн байдаг. Үүнд Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, 1924 оны Үндсэн хуулийн үе болон 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамганы дүрслэл багтдаг юм.
Хөшөө нь Монголын төрт ёсны түүхэн хөгжил, төрийн бэлгэдлийн өөрчлөлт, төрийн залгамж чанарыг нэг дороос харах боломж олгодог ач холбогдолтой дурсгал билээ.