Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Монгол-Швейцарын хамтарсан төслийн хүрээнд нярайн түнхний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг үндэсний хэмжэээнд нутагшуулсан талаар ЭМЯ мэдээлэв.
Тус төсөл нярайн түнхний хэт авиан шинжилгээнд суурилсан эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг Монгол Улсад 2007 оноос үе шаттай нэвтрүүлэн хөгжүүлж иржээ. Төслийн үр дүнд өнөөдрийг хүртэл үндэсний хэмжээнд нэг сая гаруй хүүхдийг түнхний хэт авиан скрининг шинжилгээнд хамруулж, түнхний хөгжлийн эмгэгийг эрт илрүүлэн, 10 мянга гаруй хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.
Мөн нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх арга технологийг Монгол Улсад нутагшуулж, олон улсын стандартад нийцсэн ур чадвар бүхий үндэсний сургагч багш, зөвлөх эмч нарыг бэлтгэж, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах анхан шатны, давтан, сэргээн бататгах сургалтыг тогтмол зохион байгуулж, тусламж, үйлчилгээний тасралтгүй, тогтвортой байдлыг ханган ажиллажээ.
Түүнчлэн төслийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан төслийн эмч, удирдлагуудад ЭМЯ-наас шагнаж, талархал илэрхийлэв. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн майга тавхайн эмгэгийг нярайн үед оношилж, эмчлэх чиглэлээр хамтран ажиллах юм.


