Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency
info@montsame.gov.mn

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын агаарын зайгаар 2026 оны эхний 11 сарын байдлаар олон улсын 81218 нислэг дайран өнгөрч, олон улсын 13519, орон нутгийн 11744 хөөрөлт, буултыг бүртгэсэн байна.
Энэ нь арваннэгдүгээр сарын 8-ны байдлаар үзүүлэлт аж. Харин Зам, тээврийн яамны мэдээллээр 2025 онд агаарын навигацийн үйлчилгээний хураамжаас 299.5 тэрбум төгрөгийн орлого бүрдсэн бөгөөд Иргэний нисэхийн үндэсний төв 187.5 тэрбум төгрөгийн зардалтай ажиллажээ. Тус төв “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал болон орон нутгийн 19 нисэх буудлын үйл ажиллагаа, агаарын навигаци, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг санхүүжүүлсэн байна. Мөн техник технологийн шинэчлэлийн хүрээнд 2026 оны гуравдугаар сард олон улсын Jeppesen GmbH компанитай нисэхийн мэдээлэл, өгөгдөл солилцох гэрээ байгуулсан нь нисэхийн мэдээллийн үйлчилгээг автоматжуулах, өгөгдлийн боловсруулалтын найдвартай байдлыг дээшлүүлэхэд чиглэжээ.
Иргэний нисэхийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх ажлын хүрээнд агаарын навигаци, нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг хариуцуулахаар Засгийн газрын 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 193 дугаар тогтоолоор Иргэний нисэхийн үндэсний төвийг байгуулсан бөгөөд 2025 оноос төрийн хяналт, зохицуулалтын чиг үүргийг нисэхийн үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанаас тусгаарласан шинэ зохион байгуулалтын хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Иргэний нисэхийн үндэсний төвийн хувьд Монгол Улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх олон улсын нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, нислэгийн хөдөлгөөний удирдлага, нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын системийн үйлчилгээг зохион байгуулах үндсэн үүрэгтэй юм.