Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубээс “Сайн санааны үйлс” өдөрлөгийг “Улаанбаатар” зочид буудлын “Гранд” танхимд 26 дахь жилдээ зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Монгол Улсад суугаа зарим дипломат төлөөлөгчийн газар, өөрсдийн орны үндэсний хоол, гар урлал, бэлэг дурсгал болон соёлын бүтээгдэхүүнээ худалдаалж, урлагийн үзүүлбэр толилуулснаас гадна Монголын эмэгтэй бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ олон нийтэд худалдаалав. Энэхүү өдөрлөгийн нээлтийн ёслолын үеэр зориулсан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээ хүргэсэн бол “Улаанбаатар” театрын уран бүтээлчид бүтээлээсээ толилуулсан юм.

Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубийн тэргүүн У.Нямхүү “Манай клуб 26 дахь жилдээ “Сайн санааны үйлс” өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа. Жилээс жилд өргөжиж байгаа энэ өдөрлөгөөр ЖДҮ эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнээ борлууж, орлогоосоо сайн үйлсийн аянд хандивладаг уламжлалтай. Зөвхөн дотоодын ЖДҮ эрхлэгчид төдийгүй олон улсын байгууллагын төлөөллүүд ч оролцдог. Өдөрлөгөөр дамжуулан бизнес эрхлэгчдийг холбодог учраас ЖДҮ эрхлэгчид оролцох дуртай байдаг юм. Хүмүүс ам сайтай байна. Үнэ боломжийн гар урлалуудыг дэлгэсэн байгаа нь олзуурхууштай. Манай өдөрлөгийн нэг онцлог нь сугалаа байдаг. Олон сонирхолтой хонжворын эзэд тодорлоо” хэмээн ярилаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве “Монголд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо их, салбар бүрдээ манлайлан оролцож байгааг би мэднэ. Дипломат харилцааны салбарт ч Монголын олон эмэгтэй дипломатч амжилттай ажиллаж байна. Манай Энэтхэг улсын Элчин сайдын яам хүндэт зочноор оролцож байгаадаа маш их баяртай байна. Бид өөрийн орны бараа бүтээгдэхүүнүүдээ жил бүр сурталчилж оролцдог. Мөн Энэтхэгээс Монголд ирж, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн болон буяны үйл ажиллагаа эрхэлж буй олон хүн байдаг бөгөөд тэдний дунд ч эмэгтэйчүүд олон бий. “Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөг нь нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст туслахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд зориулан хөрөнгө босгох зорилготой төдийгүй эмэгтэйчүүдийн удирдан ажиллуулдаг жижиг болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах боломж олгодог. Үүний зэрэгцээ тусламж хэрэгтэй хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө олон нийтийг нэгтгэх чухал ач холбогдолтой юм” гэв.
“Сайн санааны үйлс” өдөрлөгийн үеэр бүрдсэн орлого, хандивыг нийгмийн эмзэг, зорилтот бүлгийн иргэд, хүүхэд, гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэх хүмүүнлэгийн үйлсэд зориулдгаараа онцлогтой. Тухайлбал, 2024 онд зохион байгуулсан “Сайн санааны үйлс” өдөрлөгийн үр дүнд Налайх дүүргийн Хүүхдийн сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд биеийн тамирын хувцас худалдан авахад 3.0 сая төгрөг, Говь-Алтай аймгийн Ахмадын хороонд эмнэлэг, биеийн тамирын тоног төхөөрөмж 5.5 сая төгрөг, Ерөнхий боловсролын тусгай 116 дугаар сургуульд брайл үсгийн тусгай програм худалдан авахад 2.3 сая төгрөгийн санхүүжилтээр тусалж байсан юм. Харин өнгөрсөн жил нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гамшигт өртсөн айл өрхийн 31 хүүхэд, Хан-Уул дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч буй 30 хүүхдэд зориулан 4.5 сая төгрөгийн хичээлийн хэрэгсэл хандивласнаас гадна “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд 3.0 сая төгрөгийн дэмжлэгийг ногоон орчин бүрдүүлэхэд олгож байжээ.
Энэ удаагийн олон улсын хандивын өдөрлөгт Европын Холбоо, Япон, Энэтхэг, БНСУ, Лаос, ОХУ-ын Элчин сайдын яам, Тайландын Өргөмжит консулын газраас гадна эмэгтэй манлайлагчтай үндэсний бизнесүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг 60 орчим нэгж оролцсон нь өмнөх жилийнхээс даруй хоёр дахин илүү үзүүлэлт байв.



















Гэрэл зургуудыг Г.Мөнх-Од