Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрцэцэг Дээгий

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Ханбогд-Шар цавын үндэсний геопаркийн 24 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг энэ сарын 9-13-нд БНХАУ-ын Алшаа нутгийн Элсэн цөлийн Дэлхийн геопаркт ажиллаж, геопаркийн менежмент, геологийн өвийн хамгаалал, тогтвортой аялал жуулчлалын чиглэлээр туршлага судалжээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орон нутгийн малчид, аялал жуулчлалын байгууллагын мэргэжилтнүүд, төрийн байгууллагын төлөөлөл, санхүүжүүлэгч талууд болон ЮНЕСКО-гийн төлөөлөгчид багтсан нь геопаркийн хөгжлийг олон талын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан дэмжихэд чухал ач холбогдолтой байв.
Далан хар уул, Олон булагийн хавцал, Жарантайн давст нуур, Тэнгэр элс, Тунхугийн геологийн өвийн дурсгалт газрууд болон геопаркийн сургалт, үзэсгэлэнгийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцжээ.
Энэ үеэр геологийн өвийг хамгаалах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, боловсролын ажлыг геопаркийн менежменттэй уялдуулах чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагыг судалсан байна.
Хамтын ажиллагааны нэг чухал үр дүн нь Ханбогд–Шар цавын үндэсний геопаркийг ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркуудын сүлжээнд бүртгүүлэхээр нэр дэвшүүлэх бэлтгэл ажлыг харилцан дэмжиж ажиллахаар тохиролцсон явдал байв.
Энэ хүрээнд Алшаа геопаркийн зүгээс техникийн зөвлөгөө, мэргэжлийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэх боломжийг хэлэлцжээ. Ингэснээр Монголын тал Дэлхийн геопаркийн үнэлгээний шалгуур, менежментийн шаардлагын талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх боломж бүрдсэн байна.
Түүнчлэн Алшаа геопаркийн говь, цөлийн өвөрмөц тогтоц, ландшафтыг түшиглэн геологийн өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн оролцоог хангах чиглэлээр хэрэгжүүлж буй менежментийн арга туршлагатай танилцсан нь Ханбогд–Шар цавын геопаркийн цаашдын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой туршлага болжээ.
Үүнээс гадна хоёр тал хил дамнасан геологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, харилцан уялдаатай аяллын бүтээгдэхүүн бий болгох боломжийг хэлэлцсэн байна. Энэ нь хилийн бүс нутгийн эдийн засаг, үйлчилгээ, аялал жуулчлалын хөгжлийг дэмжих шинэ боломжийг нээх ач холбогдолтой юм.
Талууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, цаашид цахим болон биечлэн уулзах хэлбэрээр мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн дэмжлэг харилцан үзүүлэхээр тохиролцжээ.
Ийнхүү Монгол Улсын анхны үндэсний геопаркийг ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркуудын сүлжээнд бүртгүүлэх бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ геопаркийн удирдлага, менежмент, геологийн өвийн хамгаалал, тогтвортой хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам боллоо.