Ачаалж байна…
Ачаалж байна…
Б Батчимэг

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Арвайхээрийн агаарын бохирдлыг бууруулахын тулд уурын зуухнуудад шинэчлэл хийж байна. Одоогоор 10 гаруй томоохон халаалтын зуухнаас дөрөв нь шинэчлэл, тохируулгын ажлыг хийж, хар утаагаа цагаан болгож байгаа юм.
Өнгөрсөн тавдугаар сард аймгийн Засаг даргаас дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах тогтвортой байдлын гэрээ байгуулж, дулаан үйлдвэрлэгчид өөрийн хөрөнгө оруулалтаар халаалтын зуухаа шинэчлэх, өргөтгөх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, агаар хаягдаж буй утааны хийн ялгарлыг стандарт түвшинд барих, хэрэглэгчдийг хэвийн найдвартай дулаанаар хангах үүрэг хүлээсэн.
Зуухандаа технологийн шинэчлэл хийсэн дулаан үйлдвэрлэгчдэд орон нутгаас Баянтээгийн нүүрсийг хөнгөлөлттэй үнээр олгож, төсөвтб айгууллагуудын халалатын зардлыг 20 хувиар нэмэгдүүлсэн байна.
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр агаарын бохирдлоороо Улаанбаатараас дутахгүй, ноцтой түвшинд байгааг мэргэжлийн байгууллагуудын судалгаа баталдаг.
2025 оны зургаадугаар сард агаарын чанарыг хянах автомат станцтай болсноор хүхэрлэг хий, азотын ислүүд, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл, PM10 болон PM2.5 тоосонцрын агууламжийг хэмжиж, агаарын чанарын мэдээллийг минут тутамд бүртгэх боломжтой болсон.
2026 оны арваннэгдүгээр сарын 18-ны өглөөний 09:00 цагийн хэмжилтээр Арвайхээр хотын станцад PM2.5 тоосонцор 25, PM10 тоосонцор 30, азотын давхар исэл 7, хүхэрлэг хий 5, озон 22 гэсэн үзүүлэлт бүртгэгдсэн байна.
PM2.5 нь хүний амьсгалын замаар уушгины гүнд нэвтэрч, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой нарийн ширхэгт тоосонцор юм. ДЭМБ-ын 2021 оны зөвлөмжөөр PM2.5-ын 24 цагийн дундаж агууламж 15 мкг/м³-ээс хэтрэхгүй байхыг зөвлөсөн байдаг.
Арвайхээр хотын агаарын бохирдлын 60 орчим хувийг гэр хорооллын зуух, 40 орчим хувийг халаалтын уурын зуухнууд, 10-аад хувийг тээврийн хэрэгслийн шатахуун, зам талбайн тоосжилт эзэлж байна