Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем (e-Property)” болон “Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем”-ийн нээлт болов.
Нээлтийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл болон барьцааны гэрээг цахимаар бүртгэх, чөлөөлөх системийг нэвтрүүлж байгаа нь зөвхөн технологийн шинэчлэл бус, төрийн үйлчилгээний шат дамжлага, бичиг цаас, хүлээлт, чирэгдлийг бууруулж, иргэн, бизнес эрхлэгчдэд үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх чухал алхам юм. Энэхүү шинэчлэлийн зорилго нь технологийн дэвшлийг харуулах бус, иргэн бүр төрийн үйлчилгээг авахдаа “Төр надад үйлчилж байна” гэдгийг мэдэрдэг болгоход оршино” гэв.
Шинэчлэн хөгжүүлсэн “e-Property” систем нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөх, бүртгэлийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлж байна. Мөн барьцааны эрхийг цахимаар хүлээн авч бүртгэх, барьцааны гэрээг чөлөөлөх үйл ажиллагааг цахим хэлбэрээр хэрэгжүүлэх системийг нэвтрүүлж байгаа юм.
Ингэснээр эд хөрөнгийн эрх болон барьцаатай холбоотой бүртгэлийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай авах боломж нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, 2025 онд барьцааны эрхийн гэрээ бүртгүүлэх, чөлөөлөхтэй холбоотой 265,033 бүртгэл хийжээ. Нэг иргэн багадаа гурван удаа биечлэн хандсан гэж үзвэл 795,099 удаагийн зорчилт хийх шаардлага үүссэн гэсэн тооцоолол гарч байгаа юм. Харин энэхүү үйлчилгээг цахимжуулснаар иргэн, хуулийн этгээдийн биечлэн хандах, зорчих хөдөлгөөн, цаг хугацаа, зардлыг бууруулах боломж бүрдэж байна.
Мөн “E-Property” системээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг нэгдсэн арга зүйгээр хөтөлж, бүртгэлийн үйл ажиллагааг цахим орчинд зохион байгуулах боломжтой ажээ.
