Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт зураач, судлаач, багш Б.Пүрэвсүхийн 1989 онд туурвисан “Мөнгөн мод” хэмээх түүх, соёлын үнэ цэнтэй бүтээлийн анхны хэвлэмэл хуулбарыг Пүрэвсүх сангаас “Чингис хаан” үндэсний музейд хандивлах ёслол өнөөдөр боллоо.
Тус сангаас хандивлаж буй энэхүү хандив нь уран бүтээлчийн өв, бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлахын зэрэгцээ Монголын түүх, соёл, урлагийн судалгааны эх хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Түүний 1989 онд бүтээсэн “Мөнгөн мод” хэмээх зургийн эх бүтээл нь 80х100 см хэмжээтэй бөгөөд 2026 онд 130х166 см хэмжээтэй хуулбарлан хэвлэсэн байна. Бүтээлийг “Гамма фото эженси” компанид үйлдвэрлэгчийн албан ёсны баталгаат бэх, будаг ашиглан, “Эпсон” брэндийн принтерээр архивын зориулалтын 200 жилийн баталгаат хадгалалтын чанар бүхий хэвлэлийн технологиор бүтээжээ.
Зураач Б.Пүрэвсүх “Мөнгөн мод” бүтээлдээ Монголын эзэнт гүрний үеийн түүхэн дурсгал, төрт ёсны уламжлал, шашин шүтлэгийн эрх чөлөөний үзэл санааг орчин үеийн уран сайхны дүрслэлээр илэрхийлжээ. Тэрбээр Мөнгөн модны түүхэн дүр төрхийг уран бүтээлийн хэлээр тайлбарлахдаа түүнийг зөвхөн эд өлгийн дурсгал төдийгөөр бус, Монгол төрийн эв нэгдэл, оюун санааны эрх чөлөө, олон соёл, шашны зэрэгцэн оршихуйн бэлгэдэл болгон дүрсэлсэн байна. Түүнчлэн сахиусан тэнгэрийн дүрслэлээр дамжуулан шашин, соёлын олон янз байдлыг хүлээн зөвшөөрөх, харилцан хүндэтгэх үзэл санааг урлагийн хэлээр илэрхийлсэн нь уг бүтээлийн онцлог юм.
Ийнхүү Мөнгөн мод бүтээл нь Монголын эзэнт гүрний түүхийг урлагийн аргаар мөнхөлсөн төдийгүй, монголчуудын төрт ёсны уламжлал, шашны хүлцэл, оюун санааны эрх чөлөө, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг илтгэсэн өнөө цагт ч ач холбогдлоо хадгалсан бүтээл болов.
Нээлтийн үеэр Пүрэвсүх сангийн тэргүүн,
зураачийн охин Д.Байгалмаа, “Миний
аав, зураач Б.Пүрэвсүх бол зөвхөн уран бүтээл туурвигч төдийгүй Монголын түүх,
соёл, уламжлалт өвийг танин мэдэх, судлан шинжлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд
амьдралынхаа ихээхэн хэсгийг зориулсан хүн байлаа. Аавын минь хувьд уран зураг
гэдэг нь зөвхөн өнгө будаг, дүрслэлийн илэрхийлэл байгаагүй. Харин түүхээ
таних, өв соёлоо ойлгох, үндэснийхээ үнэт зүйлсийг хойч үедээ хүргэх нэгэн
чухал хэл байв” хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, “Түүний бүтээл бүрийн цаана олон жилийн хөдөлмөр, судалгаа, эрэл хайгуул, сэтгэл зүрх шингэсэн байдаг. Тиймээс бид аавынхаа үлдээсэн бүтээлүүдийг зөвхөн гэр бүлийн дурсамж төдий бус, Монголын соёлын өвийн нэгэн хэсэг хэмээн ойлгож, хариуцлагатай хадгалж, хамгаалж, олон нийтэд таниулахыг эрхэм зорилгоо болгож байна. Хүний амьдрал мөнх бус ч бүтээсэн үйл хэрэг, үлдээсэн оюун санаа, үр хойчдоо өвлүүлсэн үнэт зүйлс нь мөнх оршдог гэдэгт би итгэдэг. Энэ итгэл үнэмшил, хүсэл зорилгын үүднээс Пүрэвсүх сангийн үйл ажиллагаа чиглэж байгаа юм. Энэ үйлс бол ганц хүний, эсвэл нэг гэр бүлийн хийх ажил биш юм. Харин өв соёлоо эрхэмлэдэг, үндэснийхээ үнэт зүйлсийг хойч үедээ үлдээхийг хүсдэг хүн бүрийн хамтын үйл хэрэг билээ. Аавынхаа бүтээсэн өвийг бид өөрсдийн үедээ хадгалаад өнгөрөх бус, дараагийн үедээ улам баяжуулан, үнэ цэнийг нь ойлгуулан өвлүүлэхийг хүсэж байна” хэмээн ярилаа.
Б.Пүрэвсүх зураачийн ач хүү Б.Мандуул, “Өвөөгөө харж, өвөөтэйгээ биечлэн уулзаж, ярилцаж байгаагүй ч түүний уран бүтээл, тэр дундаа “Мандухай
сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг түүхэн киногоор нь дамжуулан
авьяас билэг, мэдлэг боловсрол, даруу төлөв зан чанарыг нь таньж, мэдэж өссөн.
Цаашид аав, ээж, ах эгч нарынхаа хамтаар өвөөгийнхөө үлдээсэн үнэт өв соёлыг
хадгалан хамгаалж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсийг нэр төртэй
үргэлжлүүлэн авч явах болно” гэв.
1970-аад оны сүүлч үеэс Монголын дүрслэх урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, уран бүтээлийн эрэл хайгуулаараа ялгарсан авьяаслаг залуусын нэг нь зураач Б.Пүрэвсүх байв. Тухайн үеийн залуу уран бүтээлчдийн зоримог туршилт, шинэлэг сэтгэлгээ нь Монголын дүрслэх урлагийг шинэ шатанд гаргаж, үндэсний уламжлал, дэлхийн сонгодог урлагийн өвийг хослуулсан өвөрмөц чиг хандлага төлөвшихөд чухал нөлөө үзүүлсэн байна.
Б.Пүрэвсүх 1971 онд Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академид элсэн суралцаж, 1977 онд төгсөөд эх орондоо ирсэн байна. Улмаар Дүрслэх урлагийн дунд сургуульд уран зураг, урлагийн түүхийн багшаар ажиллаж, мэдлэг боловсрол, уран бүтээлийн туршлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулжээ.
Түүний түүх, соёлыг сонирхон судлах хүсэл эрмэлзэл бага наснаас нь эхтэй. Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байх үеэсээ түүхийн сэдэвт ном зохиолыг шимтэн уншиж, судалдаг байсан тухай төрсөн ах, Монгол Улсын Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав нь дурссан байдаг. Тэрбээр Монголын түүхтэй холбоотой ном, эх сурвалж, ховор гэрэл зургийг цуглуулж, тэдгээрт тулгуурлан судалгаа хийж, уран бүтээлээ туурвидаг байжээ. Энэ нь түүнийг зөвхөн дүрслэх урлагийн уран бүтээлч төдийгүй түүх судлал, урлагийн онолын чиглэлээр гүнзгий сонирхон ажиллаж байсан судлаач болохыг илтгэнэ.







