Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо 51 анхан шатны хороогоороо дамжуулан гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан ажиллаж байна.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сантай хамтран зохион байгуулсан Хангайн бүсийн “Хөдөлмөрлөх эрх ба нийгмийн түншлэл” зөвлөгөөний үеэр тус холбооны дарга Н.Лхагвасүрэнтэй уулзаж, аймгийн үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудал, нийгмийн түншлэлийн талаар ярилцлаа.
Завхан аймагт зохион байгуулсан Хангайн бүсийн зөвлөгөөн ямар ач холбогдолтой байв?
-“Хөдөлмөрлөх эрх ба нийгмийн түншлэл” зөвлөгөөн нь үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлоход чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Зөвлөгөөний хүрээнд үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад тулгамдаж буй асуудал, Германы үйлдвэрчний эвлэлийн туршлага, орон нутгийн түвшинд ажилтан, ажил олгогч, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар хэлэлцсэн. Фридрих-Эбертийн Сангийн Монгол Улс дахь төлөөлөгч оролцож, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудыг бэхжүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх асуудлаар санал солилцсон нь онцлог байлаа.

Завхан аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Хөдөлмөрлөх эрх, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын асуудал нь ажилтан, албан хаагчдын төдийгүй орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал үзүүлэлт юм.
Манай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо дарга, есөн тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэй, 51 анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хороотой үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн хэмжээнд 2800 гаруй үйлдвэрчний эвлэлийн гишүүн бий.
Бид иргэд, хөдөлмөрчид, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомж, дүрмийн хүрээнд тогтмол ажилладаг. Анхан шатны хороод бол ажилтан, албан хаагчдын санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсож, эрх ашгийг нь хамгаалах үндсэн нэгж юм.
Завхан аймагт хөдөлмөрлөх эрх, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын асуудал ямар түвшинд байна вэ?
-2025 онд хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнтэй холбоотой 24 өргөдөл манай холбоонд ирсэн. Үүнээс наймыг нь анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хороогоор, 16-г нь салбарын холбоод болон Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор дамжуулан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авсан байна.
Дээрх тоо баримт нь хөдөлмөрийн харилцаанд ажилтнуудын эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудал байгааг харуулж байна. Иймээс бид хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, нийгмийн хамгааллын асуудлаар ажил олгогч, төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад илүү анхаарч байна.
Үйлдвэрчний эвлэл зөвхөн гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахаас гадна хөдөлмөрийн харилцааг зохицуулахад ямар оролцоотой байдаг вэ?
-Үйлдвэрчний эвлэл нь хөдөлмөрийн харилцаанд ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах чухал үүрэгтэй. Энэ хүрээнд төрийн байгууллага болон ажил олгогчтой хамтран ажиллаж, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын асуудлаар санал гарган ажиллаж байна.
Тухайлбал, аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл, Эрүүл мэндийн магадлах зөвлөл, Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл ажиллаж байна.
Мөн нийгмийн түншлэлийн хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Татварын газартай хамтран үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн харилцааны талаар сургалт, мэдээлэл хүргэж байна. Өнөөдрийн байдлаар дээрх агуулгууд, хамтын ажиллагааны хүрээнд давхардсан тоогоор 36 удаагийн үйл ажиллагааг явуулсан байна.

Нийгмийн түншлэл гэдэг ойлголтыг ажилтан, албан хаагчдын эрх ашгийг хамгаалахтай хэрхэн холбож ойлгох вэ?
-Нийгмийн түншлэл гэдэг нь ажилтан, ажил олгогч, төрийн байгууллагууд хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар харилцан зөвшилцөж, хамтран шийдвэрлэх үйл явц юм. Энэ нь зөвхөн маргаан гарсан үед уулзах бус, асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, талуудын эрх ашгийг харилцан хүндэтгэхэд чиглэдэг.
Ажилтан өөрийн эрх ашгийг хамгаалуулах, санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой байх, ажил олгогч хөдөлмөрийн бүтээмж, тогтвортой байдлаа хангах, төр хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих нь нийгмийн түншлэлийн үндсэн агуулга юм.
Завхан аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо цаашид ямар чиглэлд анхаарч ажиллах вэ?
-Бидний үндсэн зорилго бол хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах ажлаа улам сайжруулж, анхан шатны хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүдийнхээ хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх юм. Тиймээс гишүүдийнхээ хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 18 удаагийн үйл ажиллагаа, сургалт, зөвлөгөөг хүргэжээ.
Танд баярлалаа.