Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй “Аж ахуйн нэгж, байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэх” хөтөлбөрийн дүнд залууст ээлтэй ажлын байр бий болгох, ажилтны ур чадвар, оролцоог нэмэхэд анхаарчээ.
Дэлхийн 30 гаруй улсын 6000 гаруй аж ахуйн нэгжид хэрэгжүүлсэн тус хөтөлбөрийн энэ оны үр дүнг танилцуулах, залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлэлцүүлэг зохион байгуулж, Монгол Улсын ноос, ноолуурын салбарын 5 компанид өнгөрсөн онд туршин хэрэгжүүлж, үр дүнд хүрснийг танилцуулсан юм.
Тайланд дурдсанаар хөтөлбөрийн дүнд “Блю Скай Кашимер” ХХК-ийн бүтээмж 179.4, “Капра Д’Оро Кашмир” ХХК-ийн бүтээмж 76.5 хувиар нэмэгдэж, “Эвсэг” ХХК-ийн үйлдвэрлэлийн явц дахь бүтээгдэхүүний гологдол 66.6 хувиар багасжээ. Мөн “Ханбогд Кашимер” ХХК-ийн эрчим хүчний хэрэглээ 17 хувиар буурсан үр дүн гарсан байна. Иймд хөтөлбөрийг энэ онд “Өгөөж Шим” ХХК, “Говь-Эрдэнэ Кашмер” ХХК, “Сайнтүмэн Кашмер” ХХК, “Байгаль Кашмер” ХХК, “Сноуфилдс” ХХК-д хэрэгжүүлж, залууст ээлтэй ажлын байр бий болгох, ажилтны ур чадвар, оролцоог нэмэхэд анхаарсан байна.

Хөтөлбөрийг оролцогч аж ахуйн нэгжүүд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, БНСУ-ын Засгийн газар, ОУХБ-ын “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн нь төр, хувийн хэвшил, олон улсын түншлэлийн тогтвортой хамтын ажиллагааны загвар болсныг ХХААХҮЯ мэдээлэв.
Хэлэлцүүлгийг нээж ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж ярихдаа, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024–2028 онд ноолуурын бүрэн боловсруулах түвшнийг 20 хувиас 40 хувьд, экспортын орлогыг 398 саяас 690 сая ам.долларт хүргэж, 3000 гаруй ажлын байр шинээр бий болгохыг зорьж байна. Үүний тулд хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлээс гадна мэргэшсэн хүний нөөц, хөдөлмөрийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар чухал юм. Залуус бол хөнгөн үйлдвэрийн технологийн шинэчлэл, инновац, бүтээмжийн өсөлт, ногоон шилжилтийн хөдөлгөгч хүч юм. Иймд SCORE хөтөлбөрийн сайн туршлага, залуусын ажлын байрны дадлага, инновацын санаачилгыг “Цагаан алт” хөдөлгөөний зорилттой уялдуулан, олон аж ахуйн нэгжид түгээн дэлгэрүүлэх хэрэгтэйг онцоллоо.
Энэ үеэр аж ахуйн нэгжүүдийн бүтээмж, хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр гарсан үр дүн, сайн туршлагыг хуваалцаж, залууст ээлтэй ажлын байр бий болгох боломжийг хэлэлцэв. Мөн залуу ажилтны ур чадварыг хөгжүүлэх, дадлагажих боломжийг нэмэх, аюулгүй, эрүүл ажлын орчин бүрдүүлэхийг хөндөж, үр дүнг түгээн дэлгэрүүлэхээр болжээ.

Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарт 2025 оны байдлаар 46 мянга орчим хүн ажиллаж байгаагийн 10 мянга гаруй нь ноос, ноолуурын салбарынх, үүний 60 гаруй хувь нь 35 хүртэлх насны залуус гэсэн статистик байна.
Ноолуур боловсруулах салбарт гүн боловсруулах үйлдвэр 17, анхан шатны боловсруулах үйлдвэр 34, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 68, өрхийн жижиг цех 150-200 байгааг МҮХАҮТ мэдээлжээ. Манай улс угаасан ноолуурыг БНХАУ, самнасан ноолуурыг Итали, Их Британи, БНХАУ, БНСУ, ХБНГУ, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ, ХБНГУ, БНСУ, Япон, Бельги, Франц зэрэг 30 гаруй оронд экспортолдог. Дэлхийн ноолуурын зах зээл жилд дунджаар 24 мянган тонн ноолуур үйлдвэрлэдгийн 50 хувь буюу 12 мянган тонныг БНХАУ дангаараа хангадаг бол Монгол Улс 40 хувь буюу 10,5 мянган тонныг нийлүүлдэг юм.