Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Азербайжан улсын Баку хотод арваннэгдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн байлдааны тархалтын төрөлд Монгол Улсын шигшээ баг 25.08 секундын амжилтаар мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээнд 14 орны 139 эрэгтэй, 50 эмэгтэй тамирчин оролцсон байна.
Монгол Улсаас эрэгтэй 10, эмэгтэй найман тамирчны бүрэлдэхүүнтэй хоёр баг өрсөлджээ.
Тус багийн бүрэлдэхүүнд Орхон аймгийн Онцгой байдлын газрын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, олон улсын хэмжээний мастер, ахлах дэслэгч О.Мөнхтунгалаг, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн салааны захирагчийн туслах, олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, тус ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч М.Баярнамсрай нар багтжээ.
Мөн Хойд бүсийн захирагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, Гал унтраах техникийн спортын “Алтангадас” клубын тэргүүн, хурандаа Ш.Баасандорж багийн бүрэлдэхүүнд ажиллаж, спортын мастер Н.Эрдэнэбилэг дасгалжуулагчаар оролцсон байна.
