Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны арванэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар “Гэр бүлийн ордон” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, “Гэр бүлийн хөгжлийн цогц төв” болгон өөрчлөн ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд гэр бүлд ээлтэй, тогтвортой орчныг бүрдүүлэх, хүн амын гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх зорилт тусгасан. Мөн Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар тусгаж, Орхон болон Сэлэнгэ аймагт байгуулах боломжтой гэсэн судалгаа гаргажээ.
Энэ бодлогын хүрээнд Орхон аймгийн “Гэр бүлийн ордон” ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын харьяанд “Гэр бүлийн хөгжлийн цогц төв” болгон ажиллуулах юм.
Шинэ төв нь гэрлэх ёслол зохион байгуулах үндсэн чиглэл, үйл ажиллагаагаа хэвээр хадгалахын зэрэгцээ гэрлэлтэд бэлтгэх, гэр бүлийн харилцаа, харилцан ойлголцол, хариуцлага, эцэг эхийн үүрэг, хүүхдийн эерэг хүмүүжлийн талаар сургалт, мэдээлэл хүргэнэ. Мөн гэр бүл, хүүхдийн эрх, хууль ёсны үүрэг, хариуцлагатай холбоотой зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагатай холбон зуучлах юм.
Түүнчлэн эцэг эх, хүүхэд, өсвөр үеийнхэн болон гэр бүлийн гишүүдэд зориулсан дэмжих бүлэг, сонирхлын клуб ажиллуулж, гэр бүлээрээ суралцах, хөгжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүрдүүлнэ.
Аймгийн холбогдох байгууллагын үзэж буйгаар, цогц төв байгуулснаар гэр бүлд чиглэсэн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжрахын зэрэгцээ гэр бүлийн асуудлаас урьдчилан сэргийлэх, нөөцийг оновчтой ашиглах нөхцөл бүрдэх юм.
