Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдаж, ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангасан дүнг хэлэлцэв.
Хуралдаанаар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр 2026 онд хэрэгжүүлсэн төлөвлөгөөний биелэлт болон 2027 оны төлөвлөгөөний төслийг танилцууллаа. Энэ онд Орхон аймгийн хэмжээнд ой, хээрийн түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд төлөвлөгөөний биелэлт 95 хувьтай байгааг Онцгой байдлын газраас мэдээлэв.
Цаашид гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, ойн нөхөрлөлүүдийн техник, багаж хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлж, бэлэн байдлыг тогтмол хангах шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэхэд шаардлагатай санхүүжилтийг Байгаль хамгаалах сангийн хөрөнгөд тусгах хэрэгтэйг дурдав.
Мөн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох, уг бүсэд нэвтэрсэн малыг түр байлгах, түүнтэй холбоотой зардлыг нөхөн төлүүлэх журмын төслийг танилцуулжээ.
Зөвлөлийн гишүүд журмын төсөлд шаардлагатай мэдээлэл, баримт бичиг дутуу байгааг тэмдэглэж, Захиргааны хэм хэмжээний актын нөлөөллийн шинжилгээний тайлан болон холбогдох материалыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баталсан аргачлалын дагуу бүрдүүлэх шаардлагатай гэж үзэв. Иймд баримт бичгийг бүрэн бүрдүүлсний дараа журмын төслийг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.