Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хамтран Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрууллаа.
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хүчний байгууллагын эрэгтэй алба хаагчдад ажлын байранд нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэж буй юм.
Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлэл, орон нутгийн эрүүл мэндийн статистик судалгаагаар эрэгтэйчүүдийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны тогтолцооны өвчин, хорт хавдар болон гадны шалтгаант гэмтэл зонхилж байна. Түүнчлэн халдварт бус архаг өвчлөл, ялангуяа элэг, ходоод, уушгины хорт хавдрын тохиолдол өндөр байна.
Орхон аймаг улсын хэмжээнд хавдрын өвчлөл ихтэй бүсэд тооцогддог. Мөн үйлдвэржилттэй холбоотойгоор Говил баг зэрэг зарим газарт цагаан тоосны нөлөөлөлд өртөх эрсдэл бий.
Түүнчлэн тус аймагт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 11.9 жил байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлт юм. Иймд эрэгтэйчүүдийг тогтмол үзлэг, шинжилгээнд хамруулж, өвчнийг эрт үед нь илрүүлэх, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг холбогдох байгууллагаас онцолж байна.



