Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Орхон аймаг өсвөрийн шигшээ багийн тамирчдад зориулан орон нутгийн төсвөөс 264 сая төгрөгийн үнэ бүхий спортын хувцас, хэрэглэл гардууллаа.
Аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид сүүлийн үед улс, бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, багийн болон хувийн дүнгээр медаль хүртжээ.
Тухайлбал, дасгалжуулагч О.Заяагийн удирддаг өсвөрийн бөхийн баг улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бол дасгалжуулагч Б.Энхжаргалын дугуйт цанын баг улсын аваргад хоёрдугаар байр эзэлсэн байна. Тус багийн тамирчин Л.Өнөбаясгалан 15-16 насны ангилалд мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Мөн “Хангайн бүс”-ийн өсвөрийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд Орхон аймгийн хөвгүүдийн баг түрүүлж, охидын баг гуравдугаар байр эзэлснээр Монголын хүүхдийн спортын наадмын шигшээ 16 багт шалгарсан байна.
Орхон аймаг Монголын хүүхдийн спортын наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн тамирчидтай өрсөлдөхдөө медалийн тоогоор тэргүүлэх байруудад тогтмол бичигддэг. Тиймээс өсвөрийн тамирчдын бэлтгэл, тэмцээнд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор уулын цана, тэшүүр, шорт трек, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг спортын төрлөөр шигшээ багийг дэмжиж байна.
Түүнчлэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Орхон аймгийн Биеийн тамир, спортын газарт 15 хүний суудалтай “Nissan urban” авто машин олгожээ.





