Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын орчин цагийн сэтгүүл зүйг үндэслэгчийн нэг, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо.
Ж.Цэвээн нь монголын орчин үеийн боловсрол, шинжлэх ухаан, утга зохиол, сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, соён гэгээрүүлэгч төдийгүй үндэсний сэтгүүл зүйн эхэн үеийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг хүн юм. Түүний бичиж туурвисан бүтээл, орчуулга, нийтлэл, соён гэгээрүүлэх ажил нь нийгмийн оюун санааны хөгжил, үндэсний хэвлэл мэдээллийн уламжлалтай салшгүй холбоотой юм.
МСНЭ, СУИС, МҮОНРТ хамтран зохион байгуулсан “Их соён гэгээрүүлэгч эрдэмтэн Ж. Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагаа” эрдэм шинжилгээний хуралд судлаач, эрдэмтэд монголын сэтгүүл зүй, тогтмол хэвлэлийн хөгжилд Ж.Цэвээний оруулсан хувь нэмэр, түүний эрдэм судлал, соён гэгээрүүлэх үзэл санаа, анхны тогтмол хэвлэлийн үүсэл хөгжил, нийтлэлийн өвийг хэлэлцлээ. Тус хурлаар Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааг зөвхөн түүхэн баримтын хүрээнд бус, орчин цагийн сэтгүүл зүйн хөгжил, мэргэжлийн уламжлал, нийтлэлийн арга барил, үндэсний сэтгүүл зүйн өв соёлтой холбон авч үзэж буйгаараа онцлог юм.
Доктор, профессор Т.Баасансүрэн шинэ Монгол Улсын түүхэнд олон салбарт оролцсон Ж.Цэвээний тогтмол хэвлэлийн үндсийг тавьсан “Шинэ толь хэмээх бичиг”, “Нийслэл хүрээний сонин бичиг” сонины онцлогийг танилцуулахдаа эдгээр хэвлэлийн бичлэгийн хэв маяг, хэл найруулга өдгөө ч үлгэр дуурайл болохыг онцлоод, тухайн үеийн товч мэдээг 2-6 өгүүлбэрт багтаан бичихээс гадна дотоод мэдээ болон дэлхийн улс орнууд хэрхэн хөгжиж буй тухай мэдээг орчуулдаг байсныг тодотголоо.
Хурлын үеэр “Шинэ толь хэмээх бичиг”, “Нийслэл хүрээний сонин бичиг” сонины нийтлэл, бичлэгийн арга барил, онцлог, тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ, хэл найруулга, Ж.Цэвээний эрдэм шинжилгээ, нийтлэл бичлэгийн өв, монголын анхны тогтмол хэвлэл дэх оролцоо, түүний амьдрал, эрдэм судлалын бүтээлийн соён гэгээрүүлэх шинж чанар, уран зохиолын орчуулга, “Шинэ толь хэмээх бичиг” сонины олон улсын мэдээний сэдэв, агуулгын талаар илтгэл хэлэлцүүлэв.
МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор М.Одмандах “Ж.Цэвээний анхны тогтмол хэвлэлүүдэд нийтэлсэн уран зохиолын орчуулгыг тодлох нь" илтгэлдээ, “Шинэ толь хэмээх бичиг” сонинд тухайн үеийн дэлхийн сонгодог, түүхэн зохиолыг орчуулан нийтэлж байсан, судлаачид түүний намтар, нийтлэлийг түлхүү судалсан ч орчуулгын бүтээл, арга барилыг төдийлөн судлаагүйг дурдав.
“Шинэ толь хэмээх бичиг” сонинг 1913-1914 онд 20 дугаар, “Нийслэл хүрээний сонин бичиг”-ийг 1915-1920 онд 103 дугаар гаргажээ. Ж.Цэвээний мэндэлсний 150 жилийн ойг угтсан бэлтгэл ажлын хүрээнд өнөөдрийн хурлаар танилцуулсан судалгааг үргэлжлүүлж, түүний сэтгүүл зүйн өвийг олон нийтэд таниулах боломжтой билээ.