Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтоод байна. Өнөө өглөөний станц, харуулын мэдээгээр Гурванбулаг, Баянговь суманд хамгийн их буюу 11 см, бусад нутгаар 2-6 см зузаан цас оржээ.
Цас их орж, зарим газраар цасан шуурга шуурсны улмаас Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн авто замд халтиргаа гулгаа үүссэн байна. Иймд жолооч нар замын нөхцөлд тохируулан хурдаа сонгож, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа. Зайлшгүй шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх, зорчих тохиолдолд авто машины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, хүнсээ сайтар бэлтгэхийг зөвлөжээ.
Мөн малчдыг малаа ойрын бэлчээрт байлгаж, хашаа хороо, нөмөр нөөлөгтэй газраа урьдчилан бэлтгэхийг сэрэмжлүүлсэн байна.
Энэ долоо хоногийн сүүл хүртэл Гурванбулаг, Баянбулаг, Заг сум болон Байдрагийн Хүрэн бэлчирээр шөнөдөө 26-31 градус хүйтэн, хангайн бусад нутгаар шөнөдөө 21-26, өдөртөө 6-11 градус хүйтэн байх төлөвтэй байна.
Харин Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.