Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

БАНГКОК, 2026 оны арванэгдүгээр сарын 16 /fontanka/. Азийн бүс нутгийн орнуудын дунд анх удаа зохион байгуулсан “Eurovision Song Contest Asia" дууны уралдаан Тайландын Бангкок хотын “One Bangkok Forum” концертын танхимд боллоо. Европын алдарт “Eurovision” тэмцээний Азийн хувилбар болох уг уралдааныг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBU), “Voxovation” байгууллага болон түншүүд хамтран зохион байгуулсан байна.
Тэмцээнд БНСУ, Тайланд, Вьетнам, Филиппин, Лаос, Малайз, Монгол Камбож, Бутан, Бангладеш, Балба зэрэг Азийн бүс нутгийн 11 орны уран бүтээлч оролцжээ. Оролцогчид хагас шигшээ шатгүйгээр шууд финалын тоглолтод өрсөлдсөн байна Ялагчийг шүүгчдийн болон үзэгчдийн саналыг тус бүр 50 хувиар тооцох уламжлалт зарчмаар тодруулжээ.
Уралдааны тайзнаа битбоксоос эхлээд поп хөгжим, бүжгийн хэмнэлтэй хит дуунаас хайрын сэдэвтэй дуу хүртэл төрөл бүрийн урсгал, жанрын бүтээлүүдийг толилуулжээ. Монголын эдийн засагчийн зохиосон хайрын дуу уралдааны тайзнаа эгшиглэсэн нь содон байв. Оролцогчид тод өнгийн содон хувцаслалт, бүжгийн өвөрмөц үзүүлбэрүүдээрээ “Eurovision” уралдааны онцлогийг харуулж байлаа.
Филиппин улсыг төлөөлөн оролцсон дуучин Кармелле “Sobra-Sobra” дуугаа дуулж, 211 оноо авснаар тэмцээний ялагч болжээ. Түүний дуунд нийгэм эмэгтэйчүүдийг явцуу хүрээнд тодорхой хэв загварт нийцүүлэхийг шаарддаг байдлыг шүүмжилсэн байна. Уг дуу нь өнгөрсөн наймдугаар сард Филиппин улсаас уралдаанд оролцохоор шалгарчээ.
Онооны жагсаалт:
Филиппин - 211 оноо
Тайланд - 170 оноо
Вьетнам - 164 оноо
Малайз - 152 оноо
Лаос - 139 оноо
Бутан - 126 оноо
БНСУ - 113 оноо
Монгол - 94 оноо
Балба - 69 оноо
Камбож - 61 оноо
Бангладеш - 35 оноо