Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

МОСКВА, 2026 оны арваннэгдүгээр сарын 1 /TASS/. Мексикийн боксчин Сауль Альварес 76.2 хүртэлх кг-ийн жинд Дэлхийн боксын зөвлөлийн (WBC) дэлхийн аваргын бүсийг хүртлээ. Саудын Арабын Эр-Рияд хотод болсон 12 үеийн тулаанд тэрбээр Францын боксчин Кристиан Мбиллиг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялжээ.
Шүүгчид бүгд 115:112, 116:111, 117:110 гэсэн оноогоор ялалтыг К.Альварест өгсөн байна. К.Альварес тулааны эхний үед идэвх муутай байж, өрсөлдөгчдөө санаачилгыг алдаж, эхний хагаст хэд хэдэн үед үед ялагджээ. Харин хоёрдугаар хагаст тун итгэлтэй тулалдаж, рингэнд илт давамгайлж эхэлсэн байна. Мбилли нэгэн хэвийн тактикаар довтолж, өрсөлдөгчөө цохилтоор "булж" байсан ч Альварес хялбархан бултаж байв.
К.Альварес өмнөх тулаандаа АНУ-ын боксчин Теренс Кроуфордод шүүгчдийн шийдвэрээр ялагдсанаар дэлхийн үнэмлэхүй аваргын цолоо алдсан юм. Үүнээс өмнөх тулаандаа тэрбээр Кубын боксчин Уильям Скуллыг шүүгчдийн шийдвэрээр ялж, WBC болон Дэлхийн боксын холбооны (WBA) аваргын бүсээ найм дахь удаагаа, Дэлхийн боксын байгууллагын (WBO) бүсээ зургаа дахь удаагаа хамгаалж, Олон улсын боксын холбооны (IBF) бүсийг У.Скуллаас авснаар үнэмлэхүй аваргын цолоо эргүүлэн авсан юм.
Мексикийн боксчин 2024 онд У.Скуллтай аваргын бүс хамгаалах тулаан хийхээс татгалзсан шалтгаанаар IBF түүний бүсийг хураан авч, улмаар тэрбээр дэлхийн үнэмлэхүй аваргын цолоо алдаж байв. Тухайн үед тэрбээр Пуэрто-Рикогийн боксчин Эдгар Берлангатай тулалдахаар сонгож, шүүгчдийн шийдвэрээр ялжээ.
К.Альварес 2021 онд дэлхийн үнэмлэхүй аварга болж, уг цолоо гурван удаа хамгаалсан юм. Харин 2022 онд ОХУ-ын боксчин Дмитрий Биволд ялагдсанаар 79.38 хүртэлх кг-ийн жинд WBA холбооны дэлхийн аваргын бүсийг хүртэж чадаагүй байна.
Өдгөө 36 настай К.Альварес мэргэжлийн боксын замналдаа 64 удаа ялж (39-ийг нь хүнд цохилтоор), гурван удаа ялагдаж хоёр тулаанд тэнцжээ.
Тэрбээр өмнө нь 69.9 хүртэлх кг-ийн жинд хоёр томоохон холбооны, 72.6 хүртэлх кг-ийн жинд гурван холбооны дэлхийн аваргын бүс эзэмшиж байв. Мөн 69.9, 72.6, 76.2 болон 79.38 хүртэлх кг-ийн дөрвөн жинд дэлхийн аварга болж байжээ.
Харин 31 настай К.Мбилли мэргэжлийн замналдаа анх удаа ялагдал хүлээлээ. Тэрбээр 29 удаа ялж (24-ийг нь хүнд цохилтоор), нэг удаа тэнцэж байжээ. К.Мбилл анх удаа дэлхийн аваргын төлөө тулалдсан бөгөөд үүнээс өмнө WBC холбооны түр аваргын бүсийг эзэмшиж, нэг удаа хамгаалж байжээ.
"Boxing Scene" хэвлэлд мэдээлснээр, К.Альварес энэ удаагийн тулаанд оролцсоныхоо төлөө баталгаат 47 сая ам.долларын мөнгөн шагнал авах аж. Үүнд төлбөртэй дамжуулалтын орлого болон ивээн тэтгэгчдийн орлогоос хамааран энэ дүн өсөх боломжтой байна. Мексик боксчны энэ удаагийн мөнгөн шагнал Кроуфордтой тулалдсан үеийнхээс хоёр дахин бага байгаа аж. Харин К.Мбилли ойролцоогоор есөн сая ам.долларын баталгаат мөнгөн шагнал авах аж.