Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга С.Бямбацогтод УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас өнөөдөр Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийн хүрээнд дөрвөн жилийн өмнөөс хэлэлцүүлж ирсэн энэ хуулийн төсөлд жил гаруйн өмнөөс ажилласныг тодотгов. Мөн УИХ-ын нэр бүхий 33 гишүүнээс өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Засгийн газраас санал аван холбогдох зохицуулалтуудыг тусган сайжруулан боловсруулсан гэж байлаа.
Хуулийн төсөл нь нийтийн эзэмшлийн орчинд төрийн болон нийтийн бүх үйлчилгээнүүдийг хүртээмжтэй болгохтой холбоотой харилцааг зохицуулсан. Энэ асуудалд тодорхой стандартыг тусгасан хууль тогтоомж байдаг хэдий ч, хууль хоорондын уялдаа холбоо байдаггүй. Иймд энэхүү төсөлнь хууль хоорондын харилцааг уялдуулан зохицуулах, хянах, хэрэгжилтийг нь хангахад чиглэснийг О.Саранчулуун гишүүн онцолсон.
Харин УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, хуулийн төслийн үйлчлэл нь хөгжлийн бэрхшээлтэй 70 гаруй мянган иргэний эрхийг хангахад чухал нөлөө үзүүлэхээс гадна 9 хүртэлх насны 725 мянга гаруй, 65-аас дээш насны 320 мянга орчим иргэн, 5 мянга орчим жирэмсэн эмэгтэй, 2 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эмэгтэй гээд ойролцоогоор 50-55 мянга орчим иргэн хамрагдана гээд, төслийг Монгол Улсын 21 аймгаар хэлэлцүүлсэн гэлээ.
УИХ-ын С.Бямбацогт маш чухал хуулийн төсөл өргөн мэдүүлж буйг тодотгоод, энэ нь 126 гишүүнтэй парламент улс төрийн намуудын болон нийгмийн бүлгүүдийн олон талт төлөөллийг хангасны үр дүн гэдгийг онцолж байлаа. Хуулийн төсөл 9 бүлэг, 27 зүйлтэй бөгөөд дараах асуудлыг тусгасан байна. Тодруулбал, саадгүй орчныг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хүний амьдрах орчныг сайжруулах, олон талын оролцоог тусгасан тусгайлсан зохицуулалт хийн, салбар дундын бодлогоор шийдвэрлэх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагын бүрэн эрх, үүрэг, оролцоог тодорхойлох, хүртээмжийн үнэлгээ хийх талаар холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Түүнчлэн барилга байгууламж, дэд бүтэц, авто зам, замын байгууламж, нийтийн тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үйлчилгээнд саадгүй орчныг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмжийг хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд бие даан оролцох эрхийг хангахад чиглэсэн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх асуудлыг тусгажээ.
Хуулийн төсөлд хүн бүр, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эх, 3 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан хүмүүст төрийн бүх төрлийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төслийг баталснаар төрийн үндсэн чиг үүрэг болох хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах саадгүй орчныг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмж сайжрах, төрийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг тодорхой болсноор хуулийн болон чиг үүргийн давхардал, хийдэл арилна гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

“Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: Хятадын иргэн 11 юаниар орон сууц худалдан авчээ
Улс төр
COP31-ийн хүрээнд болж буй Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад сайд Б.Батцэцэг оролцож байна
Улс төр
Индонезын дэд ерөнхийлөгч боловсролын гэрчилгээтэй холбоотой дуулианы улмаас огцрох хүсэлтээ гаргажээ