Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт энэ онд байгалийн ойг нөхөн сэргээх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх зорилгоор 11 сумын нийт 2120 га талбайд 5.3 сая гаруй модны тарьц, суулгац тарьжээ.
Мөн уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жилийн турш орхигдсон газруудад техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.
Тодруулбал, Алтанбулаг суманд 745.7 га талбайд 1.86 сая, Түшиг суманд 550 га талбайд 1.38 сая, Ерөө суманд 322.7 га талбайд 806.7 мянга, Хушаат суманд 221.5 га талбайд 567.8 мянган модны тарьц, суулгац тарьжээ.
Мөн Мандал суманд 111 га талбайд 297 мянга, Хүдэр суманд 71 га талбайд 178 мянга, Баруунбүрэн суманд 66 га талбайд 94 мянга, Цагааннуур суманд 23 га талбайд 46 мянга, Орхон суманд 6 га талбайд 15 мянган тарьц, суулгац тарьсан байна. Харин Сант суманд 2 га талбайд 6 мянга орчим, Шаамар суманд 2 га талбайд 4 мянган модны тарьц, суулгац тарьжээ.
Ойжуулалтын ажлыг санхүүжилтийн эх үүсвэрээр нь авч үзвэл, өөрийн хөрөнгөөр 564 га талбайд 1.4 сая, “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 812 га талбайд 1.8 сая, “Тэрбум мод” сангийн хөрөнгөөр 415 га талбайд 813 мянган модны тарьц, суулгац тарьсан байна.
Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн эдгээр ажил нь ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэхийн зэрэгцээ доройтсон ойн экосистемийг сэргээх, хөрсийг хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой юм. Тарьсан модны ургалт, амьдрах чадварыг сайжруулж, урт хугацаанд үр өгөөжийг нь хадгалахын тулд арчилгаа, усалгаа, хамгаалалтын ажлыг тогтмол хийх шаардлагатай.