Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд эрчим хүчний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюуны дата төвийг нэгтгэсэн томоохон цогцолбор байгуулах төслийн хамтын ажиллагааг эхлүүллээ.
Тодруулбал, өчигдөр NOVVA Group компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стивен Лиу, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар төсөл хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.
Төслийн хүрээнд 150 МВт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц, 80 МВт хүртэлх ачаалал даах мэдээллийн технологийн дата төв, 100 МВт-ын нарны цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн 60 МВт чадалтай, 200 МВт·ц багтаамж бүхий батарейн хуримтлуурын систем байгуулах юм. Ийнхүү уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг эрчим хүч хуримтлуулах технологитой хослуулсан нэгдсэн цогцолбор бий болгохоор төлөвлөжээ.
Цогцолбор ашиглалтад орсноор Сэлэнгэ аймгийн эрчим хүчний дэд бүтцийн хүчин чадал нэмэгдэж, цахилгаан, дулааны хангамжийн найдвартай байдал сайжрахын зэрэгцээ эрчим хүчний эх үүсвэрийн бүтэц төрөлжих боломжтой. Түүнчлэн нарны эрчим хүчийг үйлдвэрлэлд ашиглаж, батарейн хуримтлуурын системээр дамжуулан эрчим хүчний нийлүүлэлт, хэрэглээг зохицуулах нөхцөл бүрдэх юм.
Харин хиймэл оюун ухааны дата төв нь их хэмжээний мэдээлэл боловсруулах, хадгалах, тооцоолол хийх дэд бүтэц бий болгоно. Ингэснээр Сэлэнгэ аймагт өндөр технологи, мэдээллийн технологийн салбар хөгжих суурь тавигдаж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалт татах, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, инженер техникийн болон бусад ажлын байр нэмэгдэх боломжтой.
Төсөл хэрэгжсэнээр Мандал сумын эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлж, барилга угсралт, тээвэр, ханган нийлүүлэлт, дагалдах үйлчилгээ зэрэг салбарт бизнесийн шинэ боломж нээх хүлээлттэй байна. Улмаар Сэлэнгэ аймгийн эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлд түшиглэсэн хөгжлийг эрчим хүч, технологийн салбартай уялдуулахад чиглэж байна.
Талууд төсөл хөгжүүлэх гэрээний дагуу хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, төслийг дараагийн шатанд ахиулах бэлтгэл ажлыг хангахаар тохиролцжээ.