Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үдээс хойш аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний чиглэл, хүний нөөц, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийн хангамжийн талаар танилцуулга мэдээлэл хийв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмнэлгийн Эрчимт эмчилгээний болон Уламжлалт эмчилгээний тасгуудаар орж, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин, иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээтэй танилцлаа.
Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөдөө, орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламжийг цаг алдалгүй хүргэхэд чиглэсэн тоног төхөөрөмж, автомашиныг хүлээлгэн өгсөн юм.
Тодруулбал, Мандал сумын Хэрх тосгон болон Зүүнбүрэн сумын Эрүүл мэндийн төвд тус бүр бүрэн тоноглогдсон автомашин гардууллаа. Эдгээр автомашин нь сум, тосгоны иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламжийг газар дээр нь үзүүлэх, өвчтөн тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт дуран угаах, ариутгах автомат төхөөрөмж, дуран хатаах, хадгалах шүүгээ зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Эдгээр тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр дурангийн багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, хадгалалтын үйл явцыг стандартын дагуу зохион байгуулах, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, эмчилгээ, оношилгооны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх юм.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд эмнэлгийн байгууллагын хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж, иргэдэд ойр, шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөл чухал юм. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж, автомашин хүлээлгэн өгсөн нь орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бодит дэмжлэг боллоо.