Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн сурагчид, Боловсролын газрын мэргэжилтний хамтаар БНСУ-ын Жэжү аралд аравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд болж буй 17 дахь удаагийн Жэжү олон улсын залуучуудын чуулга уулзалтад оролцож, дэлхийн улс орнуудын үе тэнгийнхэнтэй үзэл бодлоо солилцон, олон улсын түвшинд мэдлэг, ур чадвараа хөгжүүлж байна.
Энэ удаагийн чуулга уулзалтад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч П.Номинжин, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Хишигсүрэн, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Алтангадас, Боловсролын газрын ахлах арга зүйч М.Алтаргана нар оролцож байна.
“Арлаас дэлхийд: Холбоо харилцаа, зэрэгцэн оршихуйн шинэ ирээдүй” сэдвийн дор зохион байгуулагдаж буй тус чуулганд дэлхийн 11 орны 33 хотын 153 төлөөлөгч оролцож байгаа юм. Оролцогчид англи хэлээр өрнүүлэх хэлэлцүүлэг, соёлын солилцоо, танин мэдэхүйн болон байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд хамрагдаж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудад хамтдаа шийдэл эрэлхийлж байна.
Энэ удаагийн чуулганы хүрээнд хиймэл оюун ухааны эрин үеийн боловсрол, экосистемийн тогтвортой байдал ба залуучуудын оролцоо, олон талт байдлыг хүндэтгэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, энх тайван, хамтын ажиллагааны төлөөх залуучуудын нэгдэл зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь онцлог юм. Мөн оролцогчид соёлын арга хэмжээ, байгаль орчныг хамгаалах практик үйл ажиллагаагаар дамжуулан улс орнуудын соёл, үнэт зүйлсийг харилцан танин мэдэх боломжтой юм.
Олон улсын залуучуудын чуулга уулзалтад оролцсоноор Сэлэнгэ аймгийн сурагчид англи хэлээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдыг сонсох, багаар ажиллах, манлайлах, асуудалд олон талаас нь хандах чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн хэмжээний асуудлыг ойлгож, олон улсын хамтын ажиллагааны туршлага хуримтлуулах ач холбогдолтой. Түүнчлэн үе тэнгийнхэнтэйгээ тогтоосон харилцаа холбоо нь цаашид боловсрол, соёлын солилцоо, хамтарсан санаачилгыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Ийнхүү орон нутгийн сурагчдыг олон улсын боловсрол, залуучуудын солилцооны үйл ажиллагаанд хамруулах нь тэдний дэлхийн иргэний үзэл төлөвшил, өрсөлдөх чадварыг дэмжихийн зэрэгцээ Сэлэнгэ аймгийн залуучуудын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх ач холбогдолтой болж байгаа юм.