Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс “Чөлөөт хэвлэл-Ардчиллын баталгаа” уриан дор “1000 сэтгүүлчийн форум” зохион байгууллаа.
Монголын сэтгүүл зүйн салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг мэргэжлийн хүрээнд хэлэлцэж, шийдэх арга замыг хамтдаа тодорхойлох зорилготой тус форумын үеэр хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн эрх, аюулгүй байдал, мэргэжлийн ёс зүй, редакцын хараат бус ил тод байдал, санхүүжилт, сэтгүүл зүйн нэрийг ашиглан хууль бус ашиг хонжоо олох, бусдыг дарамтлахыг таслан зогсоох, олон нийт хэвлэл мэдээлэлд итгэх итгэлээ алдаж буй байдлыг хэрхэн нэмэх, шинэ технологиын өөрчлөлтөд дасан зохицох, салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Л.Нинжжамц форумыг нээж хэлсэн үгэндээ монголын
сэтгүүл зүйн өнөөгийн нөхцөл байдал, салбарын нэр хүнд, мэргэжлийн ёс зүй,
хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдлыг хамгаалах шаардлагатайг онцоллоо. Тэрбээр, “Чөлөөт хэвлэл бол ардчиллын баталгаа” гэдгийг тэмдэглээд, сэтгүүл зүй улс
төрчдийн сурталчилгаа, бизнесийн бүлэглэлийн захиалга, бусдыг дарамтлах
хэрэгсэл байж болохгүй. Харин олон нийтийн мэдэх эрхийг хамгаалж, төрийн үйл
ажиллагаанд хяналт тавин, баримтад тулгуурласан мэдээлэл хүргэх үүрэгтэй. Төлбөртэй мэдээллийг сэтгүүл зүйтэй адилтгаж
болохгүй ч авлига, албан тушаалын зөрчлийг илчилсэн сэтгүүлчийг “шантаажчин”
хэмээн гутаах, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй. Сэтгүүлчид
улс төрийн захиалгат мэдээлэл, тархи угаалтын хэрэгсэл болохоос татгалзаж,
хоорондын талцал, хувийн дайралтаа зогсоон, мэргэжлийн ёс зүй, харилцан
хүндэтгэлээ эрхэмлэх шаардлагатай. Төрийн байгууллагын төсвийн зарцуулалт,
тендер, худалдан авалтад тавих сэтгүүлчдийн хяналт сулрах ёсгүйг тэмдэглэв. МСНЭ бол сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах хамтын дээвэр учир гишүүн бүрийн оролцоо, идэвх, хариуцлагаар байгууллагаа бэхжинэ. Форумын үр дүн зөвхөн хэлэлцүүлгээр хязгаарлагдах бус, тодорхой санал,
шаардлага, хэрэгжүүлэх ажил болж үргэлжлэх ёстой. Үүнд сэтгүүлчид мэргэжлийн зарчим, хариуцлагаа чанд баримталж байж хэвлэлийн эрх чөлөө, олон
нийтийн итгэлийг хамгаална гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.
МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Б.Чинзориг хэвлэл мэдээллийн санхүүжилтийн талаар ярихдаа, “Хэвлэл мэдээллийн уламжлалт санхүүжилтийн загварт зар сурталчилгаа 70-80 хувийг, үлдсэнийг нь борлуулалт бүрдүүлдэг байсан. Сошиал медиа 2010 оноос идэвхжиж, зарыг зорилтот бүлэгт хүргэдэг болсноор энэ зах зээл өөрчлөгдсөн. Одоогоор зар сурталчилгаа 5, төр, ТӨК-тай хийсэн гэрээ 80 хувийг эзэлж байгаа нь хэвлэл мэдээлэл төрөөс хараат байгаагийн илрэл юм. Уншигчид 2015-2017 онд вэб сайтын домэйн нэрээр орж мэдээлэл авах нь 30-40 хувь байсан бол одоо 5-10 хувь болж багассан байна. Сонгуулийн жилүүдэд хэвлэл мэдээллийн санхүүжилт эрс нэмэгддэг. Улс төрийн санхүүжилт, захиалгат мэдээлэл давамгайлах болсон. Цаашид хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрэглэгчдэд суурилсан санхүүгийн загвар ашиглаж, IPTV контент, мэргэжлийн түвшинд цуврал ярилцлага хийж, нийгмийн сүлжээгээр крипто валют мөнгө олох боломж байгаа”-г тодотгож байв.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн сэтгүүл сайтын ёс зүйн хорооны гишүүн, сэтгүүлч Э.Энэрэл ёс суртахуун нь хувь хүний зөв байх итгэл үнэмшил гэсэн ойлголтыг илэрхийлдэг. Ёс зүй нь ёс суртахууныг судалдаг хэм хэмжүүр, хүн бүрийн сахих ёстой хэм хэмжээ юм. Ардчилсан нийгэмд өөрийн зохицуулалт чухал байдгийн адил хэвлэл мэдээллийн салбар ч зохицуулалтаараа өөрсдийгөө анагааж, цэвэршүүлэх хэрэгтэй. Ингэхдээ сэтгүүлч, редакц, салбарын түвшинд ёс зүйн хэм хэмжээгээ мөрдөх ёстой. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сэтгүүлч хүн үнэнийг эрэх, эх сурвалжаа нягтлах, бүхний дуу хоолойг тэгш гаргаж, баримтад тулгуурлах, хувь хүний оршихуйг хүндлэн, ялгаварлан гадуурхахаас ангид байж, мэргэжлийн давуу талаа урвуулан ашиглахгүй байх зэрэг ёс зүйн кодыг гаргасан байгааг илтгэлдээ танилцууллаа.
МУИС-ийг төгсөөд, Архангай аймагт 26 жил салбартаа ажиллан, өдгөө Медиа групп байгуулаад буй О.Амарзаяа орон нутгийн хэвлэл мэдээллийг хөл дээр нь босгох гэж, хараат бус редакц төлөвшүүлэх гэж зорьж яваагаа дурдсан юм. Тэрбээр “Аймгийн редакциуд харьцангуй хязгаарлагдмал, жижиг зах зээлд ажилладаг. Бүгд биенээ таньж мэддэг орон зайд сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулах нь амьдрал дээр харьцангуй ондоо. Өнөөдөр манай салбарт нүүрлээд буй шантаажлах, гүтгэх, доромжлох гэх мэт мэргэжлийн бус, ёс зүйгүй үйлдлээс орон нутгийн сэтгүүлчид ангид байдаг ч халдварлахад ойрхон санагддаг. Гэхдээ бид эрх мэдэлтнүүдийн хууль бус үйлдлийг шүүмжлэхээ болихгүй. Сэтгүүл зүй зүй оршин тогтноход саад болох аюул нь сошиал, хиймэл оюун биш. Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, ёс зүйтэй, хариуцлагатай редакц аль ч цаг үед сэтгүүл зүйг авч явах үндэс нь байх болно. Сэтгүүл зүйг хувийн эрх ашигт нийцүүлэн ашиглахаар өнгөлзөж буй мэргэжлийн бус хандлагад автахгүй, ёс зүйн зарчим хэм хэмжээтэй ажиллах нь тулгамдаж буй асуудлыг шийдэх гарц юм. Орон нутагт юуны түрүүнд аймаг, сумын Засаг дарга, ИТХ, зарим төрийн байгууллагын дэргэдэх хэвлэл мэдээллийн албыг татан буулгах хэрэгтэй байна. Иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор төр захиргааны мэдээллийг түгээх төсөв зардлыг нээлттэй болгож, редакц, мэргэжлийн багтай, татвар, нийгмийн даатгал төлдөг зэрэг хүчин чадал, мэргэжлийн түвшинг харгалзан сонгон шалгаруулж, шударга хариуцлагатай гэрээ байгуулах, орон нутагт хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн таатай орчин бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ удаагийн форум салбарын голдрилыг засах, чанартай жинхэнэ редакцыг хамгаалах бодит өөрчлөлтийн эхлэл болох ёстой” хэмээв.
Сэтгүүлч, ахмад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн, эрхлэгч, редактор, мэргэжлийн холбоо, олон улс, хүний эрхийн байгууллагын төлөөлөл оролцсон форумын төгсгөлд салбарын тулгамдсан асуудлаар санал нэгтгэж, сэтгүүл зүйн эрх чөлөө, мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэх тунхаг бичиг гаргаж, баримтад суурилсан мэдээлэл бэлтгэх, эх сурвалжийг олон талаас нягтлан баталгаажуулах, ёс зүйн зарчмыг чанд мөрдөхийг уриалж байна.
Хэвлэлийн хүрээлэнгийн “Монголын хэвлэл мэдээлэл-өнөөдөр” мониторингийн тайланд дурдсанаар манай улсад 352 хэвлэл мэдээллийн байгууллага бүртгэгдсэний 295 буюу 84 хувийг нь судалгаанд хамруулсан байна. Салбарт 3400 орчим хүн ажиллаж байгаагийн 2,211 нь телевизийн салбарынх бөгөөд ажиллах хүчний 64 хувь нь 40-өөс доош насныхан байна. Харин сэтгүүлч, редактор, тайлбарлагч зэрэг бүтээлч ажилтнууд нийт ажиллах хүчний 38 хувийг эзэлж байгаа ажээ.