Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралтаар баталлаа.
Хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах бодлого баримтлан тус аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
Эхний шатанд буюу 2026-2027 онд өвөлжилт, хаваржилтыг эрсдэл бага даван туулахад зориулж тэжээл өгөх, малын тэжээлийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх, эрсдэлийн үед шуурхай мэдээлэл солилцох нөхцөл бүрдүүлэхээр интернэтийн сүлжээний хүртээмжийг нэмэх юм.
Дараагийн шатанд мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэх, малчдын орлогыг тогтвортой өсгөх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажлыг хэрэгжүүлнэ.
“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлснээр дараах үр дүнд хүрэхээр төлөвлөжээ. Тодруулбал, малчдын орлогыг тогтвортой нэмж, иргэдийг эрүүл хүнсээр хангах, инфляцын дарамтыг багасгаж, эдийн засгийн өсөлтийг дэмжин, бэлчээрийн зохистой ашиглалтыг дэмжих ажээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2024 оны мал тооллогоор манай улсад 200 мянга гаруй малчин өрх бүртгэгдсэн бөгөөд жилийн дөрвөн улиралд мал маллан амьжиргаагаа залгуулж буй өрх 80 орчим хувийг эзэлж байв.