Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дэлхийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэх үзэсгэлэн “WTM London”-ы үеэр аялал жуулчлалын салбарын нэр хүндтэй шагнал гардуулах “Wanderlust Reader Travel Awards 2026” ёслол Их Британийн Лондон хотноо энэ сарын 4-нд боллоо.
Манай улс “Most Desirable Emerging Destination” буюу аялагчдын хамгийн их сонирхол татаж, шинээр хөгжиж буй аялал жуулчлалын ангилалд шилдэг 10 орны нэгээр шалгарч, 7 дугаарт эрэмбэлэгдэв. Энэ нь монголын байгалийн өвөрмөц тогтоц, нүүдэлчин соёл, түүх, уламжлал, дахин давтагдашгүй аялал олон улсын аялагчдын сонирхлыг татаж байгаагийн илрэл гэдгийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээлжээ.

25 жилийн түүхтэй “Wanderlust Reader Travel Awards” нь Wanderlust сэтгүүлийн уншигчдын олон нийтийн санал хураалтаар дэлхийн хамгийн ихээр зорин очихыг хүсдэг аялал жуулчлалын чиглэл, тур оператор, салбарын тэргүүлэгч брэндийг тодруулдгаараа онцлогтой.

Монгол Улс энэ оны 10 дугаар сарын байдлаар 930 мянга орчим жуулчин хүлээн авсан статистик бий. Жуулчдын 310 мянга гаруй нь ОХУ, 225 мянга нь БНХАУ, 140 мянга орчим нь БНСУ, 40 мянга гаруй нь Япон, 20 мянга орчим нь АНУ-аас иржээ.
