Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа. Ирэх оны төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар баталсан бол Дархан-Уул аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 19 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр 61.6 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдсан байна.
Онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг авч үзвэл боловсрол, эрүүл мэнд, авто зам, спорт, инженерийн дэд бүтцийн салбарт илүү их хөрөнгө төсөвт зарцуулахаар болжээ.
Тухайлбал олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургууль, 300 ортой дотуур байрны барилгад 17.1 тэрбум төгрөг, өвлийн спортын ордны барилгын шилжих хөрөнгөд 13.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Шинэ, хуучин Дарханыг холбосон хатуу хучилттай авто замын хоёрдугаар үе шатад 6.5 тэрбум төгрөг, орон нутагт анх удаа баригдаж буй хамгийн их хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий 1500 суудалтай сургуулийн барилгад 6.3 тэрбум төгрөг.
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн эмнэлгийн өргөтгөлд 6.1 тэрбум төгрөг, 17 дугаар сургуулийн 960 суудалтай өргөтгөлд 4.2 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөжээ.
Мөн цэцэрлэгийн барилга, музей, номын сангийн цогцолбор, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугам сүлжээ болон бусад бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжинэ.
Цаашид зөвхөн барилга байгууламж барих бус, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүүхэд залуусын сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хотын дэд бүтцийг шинэчлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт ч чухал гэж орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд онцолж байна.
Батлагдсан төсөв бодит бүтээн байгуулалт болж, үр өгөөжийг Дарханы иргэдэд шууд хүргэхэд орон нутгийн удирдлагуудын хичээл, зүтгэл, зөв шийдвэр чухал гэдгийг ч тодотгов.