Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хөдөө сумдад хамгийн түгээмэл байдаг асуудал бол эрүүл мэндийн салбарын боловсон хүчний дутагдал. Тэгвэл хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэж, иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хурдан шуурхай хүргэж буй газар бол Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төв юм.
Тус эмнэлэг одоогоор нарийн мэргэжлийн зургаан их эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хамгийн сүүлд сумандаа шүдний их эмчтэй болсон нь аймгийн төвөөс алслагдсан сумын ард иргэдийн хувьд нэн шаардлагатай хэрэгцээг шийдвэрлэсэн чухал ажил болсныг эмнэлгийн дарга Ц.Жигмэдсүрэн онцоллоо.

Тус хамт олон орон нутгийн хөрөнгө болон хандив тусламжаар техник тоног төхөөрөмж, материаллаг баазаа ч тогтмол бэхжүүлдэг. Тухайлбал, иргэдийн хандиваар сүрьеэгийн эрт илрүүлгийн аппарат, яаралтай дуудлагад ашиглах приус-20 автомашинтай болжээ. Мөн автомашинд ашиглах зориулалттай хүчилтөрөгчийн аппаратыг ч хандиваар авчээ.
ОНХС-ийн дэмжлэгээр өвчлөмтгий хүүхдүүдэд зориулсан, уламжлалт болон сэргээн засах эмчилгээг хослуулсан “Цагаан булаг” сувиллыг ажиллуулж эхэлсэн нь ихээхэн үр дүнтэй байгаа бөгөөд иргэд ч ам сайтай байгаа аж. Тиймээс үйл ажиллагааг нь тогтмол болгож, илүү өргөтгөх шаардлагатай гэв.
Цаашид амбулаторийн өргөтгөл, засварыг хийх, нарийн мэргэжлийн эмч нарын нийгмийн баталгааг хангах, багийн эмч нарыг компьютероор хангаж, үйл ажиллагааг нь цахимжуулах, ходоодны дурангийн шинжилгээг сумандаа хийдэг болох зэрэг нэн даруй шийдвэрлэх асуудал байгааг ч эмнэлгийн дарга аймгийн удирдлагуудад танилцууллаа.
Баяндэлгэр сум нь аймгийн төвөөс 150 орчим километрт байрладаг, 5000 гаруй хүн амтай, нийгэм эдийн засгийн ач холбдогдол өндөртэй, Сүхбаатар аймгийн томоохон сумдын нэг юм.