Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дарьганга суманд хэрэгжиж буй “Дарьганга зуслангийн орчин үеийн стандартад нийцүүлсэн амралт, аялал жуулчлалын цогцолборын шинэчлэл” төслийн инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлууд бүрэн дуусаж, байнгын ашиглалтад орууллаа.
Төслийн хүрээнд хүүхэд, залуусын ая тухтай, аюулгүй орчинд амарч, суралцах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дэд бүтцийн чиглэлээр гүний худаг, өрөмдлөг, худгийн барилга болон хашаажуулалт, 202.5 метр дулаан, хэрэглээний халуун ус, цэвэр усны инженерийн шугам сүлжээ, 336 метр ариутгах татуургын шугам сүлжээ, бохирын цооног, гадна холбооны шугам, гэрэлтүүлгийн шугамуудыг хийжээ.
Харин барилга байгууламж, тохижилтын хүрээнд зуухны барилга, зуслангийн гадна хашаа, явган хүний зам, авто зогсоол, нийтийн талбай, нүүрс болон үнс хадгалах талбай, саравч зэрэг ажлыг хийсэн байна.
Ингэснээр Дарьганга хүүхдийн зуслангийн зуны дөрвөн барилга, өвлийн байр, сургалтын байр, спорт заал, ажилчдын байр болон бусад барилга байгууламжийг барьж байгуулах инженерийн дэд бүтцийн суурь нөхцөл бүрдэж байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургалт, хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулах, Дарьганга сумын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.