Ачаалж байна…
Ачаалж байна…
Баттөмөр Гэрэлт-Од

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Архангай аймаг нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх, ойн санг хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын нөлөөгөөр ойн хөнөөлт шавж олширч, тархах хүрээ нэмэгдэх эрсдэл үүссэн тул ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг тасралтгүй зохион байгуулсан.
2023-2026 онд аймгийн хэмжээнд:
Ойн сан бүхий 14 сумын 240330 га талбайд ойн хөнөөлт шавжтай микробиологийн аргаар тэмцсэн байна. Энэ ажлыг улсын төсвийн санхүүжилтээр тав, орон нутгийн төсвийн санхүүжилтээр найман мэргэжлийн байгууллага агаарын хөлөг болон үүргийн шүршигч багаж ашиглан 12 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн байна.
Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд байгальд ээлтэй аргыг сонгон, бактерийн омгоор үйлдвэрлэсэн биологийн бэлдмэл ашиглажээ. Энэ бэлдмэл нь тодорхой төрлийн хөнөөлт эрвээхэйн авгалдайд үйлчилж, тэдгээрийн өсөлт, хөгжил, олшролтыг хязгаарладаг байна. Нөгөө талдаа химийн өргөн үйлчилгээт хорт бодисын хэрэглээг бууруулах ач холбогдолтой юм.
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хэрэгжүүлснээр ойн доройтол, модны хатах, хорогдох үзэгдлээс урьдчилан сэргийлж, ойн байгалийн сэргэн ургалтыг дэмжих, усны нөөц болон биологийн олон янз байдлыг хамгаалах нөхцөл бүрдэж байна.