Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт IELTS олон улсын шалгалтын төв нээх бэлтгэл ажлын хүрээнд “Проджи” ХХК 12 иж бүрэн компьютер хүлээлгэн өглөө.
Тус компани Дархан хотод хэрэгжүүлж буй “Кристал ресиденс” төслийн гүйцэтгэгч бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шалгалтын төвд орчин үеийн өндөр үзүүлэлттэй компьютер нийлүүлсэн байна.
Аймгийн Засаг даргын санаачилгаар IELTS олон улсын шалгалтын хөтөлбөрийг гурван жил дараалан хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд шалгалтыг Дархан хотод зохион байгуулах саналыг дэвшүүлж, Австралийн итгэмжлэгдсэн “IDP IELTS in Mongolia” тестийн төвтэй хамтран ажиллаж эхэлжээ.
Одоогоор шалгалтын төвийн өрөө тасалгааны тохижилт, тоног төхөөрөмжийн бэлтгэлийг үе шаттай хангаж байгаа бөгөөд энэ ажилд аймгийн ЗДТГ болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.
IELTS шалгалтыг орон нутагт зохион байгуулснаар Дархан-Уул төдийгүй төвийн болон хойд бүсийн аймгийн сурагчид хол зам туулж, өөр орчинд очих шаардлагагүйгээр шалгалт өгөх боломж бүрдэх юм. Ингэснээр шалгалтын өмнөх сэтгэл зүйн ачааллыг бууруулж, сурагчдад өөрийн орчинд мэдлэг, ур чадвараа сорих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр хэлэхдээ, тус дэмжлэг нь хүүхэд, залуусын англи хэлний мэдлэгийг хөгжүүлэхээс гадна олон улсын түвшинд мэдлэг, ур чадвараа баталгаажуулах боломжийг орон нутагт нь бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Дэлхийн 140 гаруй орны 12 мянга гаруй их, дээд сургуульд хүлээн зөвшөөрөгддөг IELTS шалгалтын төвийг ирэх арванхоёрдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.