Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын сургууль байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Тус сургууль сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр аймгийнхаа 2026 оны “Шилдэг сургууль”-аар шалгарчээ.
Тус сургууль 1976 онд сумын сангийн аж ахуйг түшиглэн хоёр багш, нэг ажилтан, I-III ангийн 56 сурагчтайгаар Жаргалантын 10 жилийн сургуулийн харьяа бага сургууль нэртэйгээр анх байгуулагджээ.
Улмаар 1977 онд зургаан жилийн, 1978 онд найман жилийн сургалттай сургууль болон өргөжиж, одоогийн хичээлийн байрны баруун хэсгийг ашиглалтад оруулсан байна. 2000 онд сургуулийн барилгад өргөтгөл хийснээр сургалтын орчин нь өргөжиж, өдгөө 12 жилийн сургалттайгаар 291 суралцагч, 37 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Багшлах боловсон хүчний 88 хувь нь боловсролын зэрэгтэй, нийт багшийн 59 хувь нь мэргэжлийн зэрэгтэй. Сургуулийн дэргэд сурагчдын өөрөө удирдах клубээс гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам, монгол хэл, бичиг, IQ, дүрслэх урлагийн дугуйлан ажиллуулж, хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд анхаарч байна.
Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр сүүлийн гурван жил дараалан II, III түвшинд үнэлэгдэж, Төв аймгийн 31 сургуулиас хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Энэ амжилтаараа 2026 оны аймгийн “Шилдэг сургууль”-аар шалгарсан байна.
Тус сум Төв аймгийн баруун хойд хэсэгт оршдог бөгөөд 520 орчим өрх, 1800 гаруй хүн амтай, 36 мянган га газар нутагтай.