Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан "Улаанбаатарын бахархал" талархал хүндэтгэлийн ёслол 10-р сарын 29-нд боллоо.
Энэ үеэр монгол хүн бүрийн дуулах, сонсох дуртай "Улаанбаатарын үдэш" дуунд хүндэтгэл илэрхийлж, тус дууны аяыг бичсэн МУУГЗ Г.Пүрэвдоржид хоёр өрөө байр бэлэглэсэн юм.
Нийслэлийн үе үеийн залуусын сэтгэл зүрхийг хөглөн эгшиглэж ирсэн уг дууны шүлгийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав 1986 онд бичжээ. Тэрбээр мөн “Настан буурал эмээ”, “Мартаагүй л явна”, “Тавилан”, “Санахын жаргал” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дууны шүлгийг зохиосон юм. Түүнчлэн хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийг монголчууд "Шинэ өглөө", "Тавтай нойрсоорой" зэрэг хүүхдийн дуунаас гадна "Нандин эрдэнэ", "Мартъя", "Зөвхөн тэр хайрандаа" зэрэг олон уран бүтээлээр нь хайрлан хүндэтгэдэг билээ.
Улаанбаатарын тухай дуунуудаас ихэд түгэж, хилийн чанадад алдаршсан "Улаанбаатарын үдэш" дуу бүтсэн тухайд МУСГЗ П.Сандуйжавын охин С.Булганаас тодруулсан юм. Тэрбээр, “40 жилийн өмнө буюу 1986 онд зохиогдсон тус дууг анхлан дуулсан хүн бол нэрт найруулагч, хөгжмийн зохиолч Б.Бадрууган ах юм. Тэрбээр БНАГУ-ын Шверин хотод 1986 оны 10 дугаар сард болсон Монгол, Германы залуучуудын найрамдлын уулзалт дээр "Улаанбаатарын үдэш"-ээ дуулсан юм билээ. Харин 1987 оны 1 дүгээр сард "Инээмсэглэл" хамтлагийн дуучин Н.Ганхуяг гоцлон дуулж, Монголын радиогийн концертын студид бичүүлснээр радиогийн алтан санд орсон түүхтэй.
Тухайн үед аав маань "Подмосковные вечера" дуу шиг хүн болгон дуулдаг Улаанбаатарын тухай сайхан дуутай болох сон гэж ярьж байсныг тодхон санаж байна. Түүнээс хойш нэг их удалгүй "Улаанбаатарын үдэш" шүлэг нь бэлэн болж, Пүүжээ ахад ая хийлгэхээр өгч байсан юм.
Дуу бол яах аргагүй хамтын бүтээл байдаг. Сайн шүлэг сайхан аялгуу зохирч байж хүний сэтгэлийг хөглөн уянгалж байдгийн тодоос тод жишээ бол "Улаанбаатарын үдэш" дуу юм даа” хэмээн ярив.
Харин хөгжмийн зохиолч, МУУГЗ Г.Пүрэвдорж 2014 онд Улаанбаатарын Хүндэт иргэн болохдоо, “Би “Улаанбаатарын үдэш”-ээ миний нутгийн дуу гэдэг. Би бол хотын унаган хүүхэд. Олон хүний чихэнд хоногшиж, сонсох дуртай дуу болсонд их таатай байна” хэмээн дурсан ярьсан нь бий.
Улаанбаатарын үдэш
Үг: П.Сандуйжав /МУСГЗ/
Ая: Г.Пүрэвдорж /МУУГЗ/
Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан ч юм уу
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан ч юм уу
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учрахын болзоонд залуус яаруухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учрахын болзоонд залуус яаруухан
Ханш нээсэн дөлгөөн хаврын
Хайраа илчилсэн дулаан орой
Халуун мөрөө түшилцэн налаад
Ханашгүй цэнгэл амсан суухад
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан
Охьюу тэнгэрийн одод үржээд
Орон байрын гэрэл цацраад
Ижил хосын өргөө гэрээс
Итгэл баярын аялгуу дуурсаад
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Угтах ирээдүй даанч яруухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Угтах ирээдүй даанч яруухан

