Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Шатахууны шуурхай штабаас ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудад 1200, орон нутагт 1300 орчим тонн АИ-92 шатахуун түгээжээ. Харин өнгөрсөн шөнө АИ-92 шатахуун ачсан 104 вагон Монгол Улсад оруулж ирсэн байна. Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдээс нийлүүлэх шатахууны тээвэрлэлт төмөр замын засварын улмаас саатсан ч одоо нийлүүлэлт эрчимжиж байгааг шуурхай штабаас мэдэгдэв. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд АИ-92 шатахуун ачсан 153 вагон буюу 9108 тонн бүтээгдэхүүн буулгахаар байгаагаас 126 вагон буюу 7500 тонн шатахууныг буулгах, түгээх ажил үргэлжилж байгаа аж. Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 24 мянган тонн буюу 11, дизель түлшний 120 мянган тонн буюу 30, онгоцны түлшний 7700 тонн буюу 37 хоногийн нөөцтэй байна.
Мөн шатахууны хангамжтай холбоотой холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг аравдугаар сарын 28-наас эхлэн шатахуун түгээх станцуудад хоёр үе шаттай хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ давхардсан тоогоор 482 ШТС-д шалгалт хийхэд 75 хувь нь хэвийн ажиллаж байна. Харин 25 хувь нь шатахууны нөөцгүй болсон болон техникийн шалтгаанаар үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Мөн хоёр болон түүнээс дээш түгээгүүрээр үйлчилж буй ШТС-ын тоо өмнөх шалгалтын үеийнхээс 60 хувиар өссөн байна. ШТС-уудын 75 хувьд 30 хүртэлх автомашины дараалал үүсэж байгаа бол үлдсэн 25 хувьд 30-аас дээш автомашин дараалалд зогсож байжээ. Түүнчлэн ШТС-уудын 96 хувь нь шатахууны нөөц, борлуулалтын мэдээллээ benzin.mn системд бүрэн оруулсан байна.