Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. “Монгол бахархал-Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Утгын чанад-2026” уран бичлэгийн хамтарсан үзэсгэлэнг Говийн байгалийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 3-нд нээлээ.
Үзэсгэлэнд Өмнөговь аймгийн Боловсролын газрын Монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан ахлах арга зүйч Ү.Мөнхбалжир, Даланзадгад сумын ерөнхий боловсролын IV сургуулийн дизайн, технологийн багш Б.Чулуун, V сургуулийн монгол хэл, бичгийн багш А.Ганцэцэг болон IV сургуулийн 8б ангийн суралцагч М.Сүрэнзав нарын уран бүтээлийг дэлгэн толилуулж байна.

“Үндэсний бичиг соёл” уриан дор зохион байгуулж буй тус үзэсгэлэн нь монголчуудын түүх, соёл, оюун санааны үнэт өв болсон үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, эрхэмлэн дээдлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой юм.
Уран бүтээлчид монгол бичгийн уран тансаг бичлэг, үг хэллэгийн утга агуулга, уран сайхны илэрхийллийг бүтээлээрээ дамжуулан харуулж, үндэсний бичгийн өв соёл, гоо зүйн үнэ цэнийг олон нийтэд хүргэж байгаагаараа онцлогтой.
Үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд, багш, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, суралцагч хүүхэд, залуусыг хүрэлцэн ирж, монгол уран бичлэгийн ур хийц, утга агуулга, өв соёлын үнэ цэнтэй танилцахыг урьж байна.




