Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Өнөөдөр билгийн тооллын намрын адаг сарын 25-ны өдөр тохиож байна. Өндөр гэгээн Занабазарын намтар, түүхэн сурвалжуудад түүнийг намрын адаг сарын 25-ны өдөр мэндэлсэн хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ жил уг өдөр аргын тооллын 11 дүгээр сарын 4-ний өдөртэй давхцаж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан “Зүүн хүрээ” Дашчойлин хийдээс Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн өдөрт зориулсан цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байгаагийн нэг нь түүний зохиосон соёмбо үсгийн 340 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал юм. Энэ удаагийн үйл ажиллагаа нь хоёр дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал, дөрөв дэх удаагийн үзэсгэлэнгээр үргэлжилж байна.
Долоон жилийн өмнө буюу соёмбо үсэг зохиосны 333 жилийн ойгоор Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үзэсгэлэн гаргахад хоёр цуглуулагч, нэг бичээч буюу нийт гурван хүний бүтээл, цуглуулгыг дэлгэн үзүүлж байсан бол энэ удаа “Номд улс оршихуй” үзэсгэлэнд 16 хүний хамтын бүтээлээр үзэсгэлэн гаргаж буйгаараа онцлогтой.
Үзэсгэлэнд оролцож буй хүмүүсийн зарим нь соёмбо үсэгтэй холбоотой ховор нандин эд өлгийн зүйл, дурсгал цуглуулж, хадгалан өвлүүлж ирсэн хүмүүс юм. Харин ихэнх нь соёмбо үсгээр бичдэг, уран бичлэг туурвидаг, бичгийн дурсгал бүтээдэг уран бүтээлчид байна.
Чингис хааны одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, “Соёмбо үсэг бол зүгээр нэг бичиг үсэг бус, монголчуудын оюун
санаа, түүх, соёл, оршихуйн гүн утгыг агуулсан агуу их бэлгэдэл юм. Соёмбо
тэмдэгт Хүннү дээдсийн үеэс эхлээд Монголын эзэнт гүрэн, Чингис хааны үе,
түүний алтан ургийнхны уламжлан ирсэн бэлгэдэл, үзэл санааны улбаа шингэсэн
байдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, монголчуудын төдийгүй хүн төрөлхтний
оршихуйтай холбоотой олон утга бэлгэдэл соёмбо тэмдэгт агуулагддаг” хэмээн онцлов.
Мөн тэрбээр, “Миний ойлгож байгаагаар соёмбо бол Өндөр гэгээний оюун санааны өндөр түвшний бясалгалын явцад тодорсон дүрслэл, бэлгэдэл, дохио тэмдэг юм. Тэрхүү бэлгэдлийг гүнзгий танин мэдэж, утга агуулгыг нь задлан тайлбарласны үндсэн дээр соёмбо үсгийг зохиосон болов уу хэмээн үздэг. Тиймээс соёмбо бол монголчуудын оюун санаа, түүх, соёлын агуу их бэлгэдэл. Өнөөдөр Монгол Улсын төрийн далбаанд залран, төрийн бэлгэдлийн эрхэм байр суурийг эзэлж байна" гэв.
Тэрбээр, Өндөр гэгээн Занабазарын талаар судалгаа хийж, судалгааныхаа үр дүнд “Өндөр богд” нэртэй роман хэвлүүлсэн. Зохиолч хүний хувьд Өндөр гэгээний амьдрал, шашин, соёл, нийгмийн үйл ажиллагааг уран сайхны аргаар дүрслэн бичихийн тулд түүний амьдрал, уран бүтээл, шашин, соёлын үйл хэрэгт гүнзгий нэвтэрч, олон талаас нь судлах шаардлагатай болсон байна.
Энэ бүхнийг судалж, танин мэдсэн хүний хувьд Өндөр гэгээн бол өнөөдөр бидний ярьж, бичиж, судалж байгаачлан шашин, соёлын агуу их зүтгэлтэн, монголчуудын оюун санааны удирдагч төдийгүй хэл шинжлэлийн өндөр мэдлэгтэй, гарамгай сэтгэгч байсан гэдгийг онцлов.
Өндөр гэгээн соёмбо үсэг болон судалгааны бүтээлд түүнийг дөрвөлжин бичиг зохиосон тухай ч дурдсан. Тухайлбал, Өндөр гэгээний намтруудад Энэтхэгээс ирсэн хоёр хүнтэй тухайн улсын хэлээр нь ярилцсан тухай тэмдэглэсэн байдаг. Энэтхэгт биечлэн очиж үзээгүй атлаа тухайн хэлээр харилцаж байсан нь түүний хэлний мэдлэг ямар өндөр түвшинд байсныг илтгэх нэгэн жишээ юм. Өндөр гэгээн бол хэлний хязгааргүй баялгийг эзэмшсэн, өнөөгийн ойлголтоор бол агуу хэл шинжлэлийн мэдлэгтэй, оюун санааны асар өндөр түвшинд бясалгасан хүн байжээ. Тэрбээр зөвхөн хүний хэл яриаг төдийгүй хүмүүн бус ертөнцийн дохио, тэмдэг, утга агуулгыг хүртэл танин мэдэх оюун санааны өндөр чадамжтай байсныг намтар, шашны сурвалжуудад дүрсэлснийг МУСГЗ Г.Мэнд-Ооёо хурлын үеэр тодотгож байв.
“Зүүн Хүрээ” Дашчойлин хийд, Бурхны шашин соёл
судлалын хүрээлэнгийн доктор Г.Мягмарсүрэн, "Соёмбо үсгийн судалгаа өнгөрсөн
зууны дунд үе буюу 1950-иад оноос эхэлсэн гэж үздэг. Энэ чиглэлийн судалгааг
академич Бямбын Ринчен гуай анхлан хөгжүүлсэн түүхтэй. Түүний дараа Унгарын
эрдэмтэн Кара Дьёрдь, Монголын эрдэмтэн Б.Шагдарсүрэн зэрэг судлаачид соёмбо
үсгийн талаар үнэтэй судалгаа хийсэн" хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, “Үүний зэрэгцээ Монгол Улсад Соёмбо үсгийн судалгаа эрчимтэй хөгжиж байна. Манай хийдийн лам нар соёмбо үсгийн сурах бичиг, дасгалын дэвтэр зэрэг сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулан гаргаж, уг бичгийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн. Мөн соёмбо үсэгтэй холбоотой цуврал эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Эдгээр судалгаа, хурлын үр дүнд соёмбо үсгийн онцлог, утга агуулга, уламжлалт тайлбар болон уг бичгээр бичигдсэн олон тооны бичгийн дурсгалыг судлах ажилд ахиц гарч байгаа. Ялангуяа энэтхэг, төвөд, монгол үсгээр бичигдсэн, хоёр болон гурван хэл хавсарсан бичгийн сурвалжуудыг судлах чиглэлээр олон чухал ажил хийж байна. Өндөр гэгээн Занабазар бол Монголын түүх, соёл, урлагийн салбарт онцгой байр суурь эзэлдэг, олон талын авьяас билэгтэй эрхэм хүн. Түүний бүтээсэн олон гайхамшигт өвөөс бид зөвхөн соёмбо бичгийн урлал, түүх, судлалын асуудлыг онцлон авч үзэж байна” гэв.
“Зүүн Хүрээ” Дашчойлин хийдийн доктор, профессор Ч.Батнайрамдал,
“Соёмбо тэмдэг төрийн далбаанд залран, төрийн бэлгэ тэмдгийн нэг хэсэг
болсон. Үүнийг төрийн талаас нь тайлбарласан тайлбар бий. Мөн шашин номын болон
нийгмийн талаас нь тайлбарласан судалгаа, бүтээлүүд байдаг. Харин анагаах
ухааны талаас нь тайлбарласан судалгаа харьцангуй цөөн боловч тодорхой бүтээл,
баримтууд бий. Тиймээс илтгэлдээ соёмбо бичиг, тэмдгийг зөвхөн төр, шашин,
нийгмийн талаас нь бус, анагаах ухаан, тэжээхүйн ухааны үүднээс хэрхэн
тайлбарлаж болохыг авч үзэхийг зорьсон. Тухайлбал, соёмбо тэмдгийн бүтцэд хүний
үндсэн гурван судас, биеийн чакра буюу хүрд, гурван махбод зэрэг анагаах ухаан,
тэжээхүйн ухааны зүй тогтолтой холбоотой өргөн хүрээний мэдлэг, бэлгэдэл агуулж
байдаг гэж үзэж байна. Соёмбо тэмдгийг үндсэн гурван хэсэгтэй хэмээн авч үзэж
болно. Үүнд баруун, зүүн талын аргын болон билгийн судас, төвийн гол судас
багтана. Эдгээр гурван судас нь биеэр дамжин үргэлжлэхдээ хоорондоо холбоос
үүсгэдэг бөгөөд тэдгээрийн уулзвар, холбогдох цэгүүдийг чакра буюу хүрдтэй
холбон тайлбарладаг. Уламжлалт ойлголтоор хүний үндсэн долоон хүрд байдаг гэж
үздэг. Эдгээр хүрд нь гол төлөв хүний булчирхайлаг эрхтнүүдийн байрлалтай
уялдаатай байдаг. Тухайлбал, өнчин тархи, боргоцой, бамбай, сэрээ булчирхай,
бөөрний дээд булчирхай, бэлгийн булчирхай зэрэг эрхтэнтэй холбон тайлбарлаж
болно. Эдгээр булчирхайлаг эрхтэн нь дотоод шүүрлийн тогтолцооны үйл
ажиллагаатай холбоотойгоос гадна мэдрэлийн болон дархлааны тогтолцоотой ч
харилцан уялдаатай” хэмээн ярилаа.
Каллиграфийн мастер Т.Жамьянсүрэн, "Соёмбо бичиг сурахад эхлээд үсгээ таньж, дараа нь уншиж сурах, улмаар соёмбо
бичгээр бичигдсэн түүхэн дурсгалуудтай танилцах гэсэн тодорхой үе шат бий.
Харин өөрөө монгол хэлээрээ соёмбо үсгээр хөрвүүлэн бичиж эхлэхэд тодорхой
бэрхшээл тулгардаг. Тухайлбал, зөв бичих зүй, үсгийн дүрэм, үгийн үндэс,
нөхцөл, дагаврын хэрэглээ, үеийн бүтцийн онцлог зэрэг нь монгол бичгээс
тодорхой хэмжээгээр ялгаатай. Гэхдээ соёмбо бичгийн нэг онцлог давуу тал нь
хэлний авианы хувьслыг тусгаж, урт эгшгийг тэмдэглэх боломжийг бүрдүүлсэн явдал
юм. Энэ онцлог нь соёмбо бичгээр монгол хэлээр бичиж ирсэн уламжлалт
дурсгалуудад ажиглагддаг.
Соёмбо бичгээр зөв бичихэд баримтлах хэд хэдэн зарчим бий. Тухайлбал, соёмбо үсгийн өөрийнх нь онцлог, бичлэгийн дүрэм, уламжлалыг харгалзах шаардлагатай. Ялангуяа Соёмбо үсгээр бичсэн судар, монгол барын дурсгалуудад туссан зөв бичих зүйн өвөрмөц зарчмуудыг судалж, баримтлах нь чухал. Мөн эртнээс уламжилж ирсэн сонгодог монгол бичгийн хэлний онцлогийг хадгалж, түүнийгээ соёмбо үсгээр дүрслэн бичих зарчим бий. Эдгээр зарчмыг харьцуулан судалж, нэгтгэн авч үзэх хэрэгтэй" гэв.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн үүсэл түүх, онцлог, өв дурсгал, эх бичгийн судалгаа, сурвалж судлалын талаар 10 гаруй илтгэл хэлэлцүүлсэн нь соёмбо үсгийн хэрэглээ олон нийтийн дунд түгэн дэлгэрч, улам бүр идэвхжиж байгааг харуулж байна. Сүүлийн үед Соёмбо үсгийн хэрэглээ нэмэгдэж, энэ бичгийг мэддэг, сурч байгаа хүмүүсийн тоо ч өсөж байна. Төрөл бүрийн үйл ажиллагаа, онцгой баяр ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд Соёмбо үсгийг өргөн ашиглах болжээ. Гэвч ийм чухал зориулалтаар хэрэглэхдээ ганц нэг үсгийн алдаа гаргах, эсвэл зөв бичих зүйн өөр өөр зарчмыг хольж хэрэглэх тохиолдол ажиглагддаг байна.









