Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх усны хомсдол, үер, усны эх үүсвэрийн бохирдлын эрсдэлийг үнэлэх, бууруулах чиглэлээр санал, зөвлөмжийг нэгтгэж, ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах, байгууллага хоорондын үүрэг, хариуцлага, хамтын ажиллагааг уялдуулах талаар санал солилцсоныг ЭМЯ мэдээлэв.
Энэхүү уулзалтаар Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын дэмжлэгтэй уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх зааврын төслийг хэлэлцжээ. Уулзалтад төрийн болон мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцож, том, жижиг суурин газрын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын заавар, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн төслийг хэлэлцэв.
Зааврын төслийг үндэсний нөхцөлд нийцүүлэн сайжруулах, хэрэгжилт, хяналт-шинжилгээг тодорхой болгох чиглэлээр санал дэвшүүлсэн байна. Тус зааврыг боловсруулж, хэрэгжүүлснээр ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой эрсдэлийг урьдчилан сэргийлэх, бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн үед үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрджээ.
ДЭМБ-аас ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг усны эх
үүсвэрээс хэрэглэгчид хүрэх хүртэлх бүх үе шатанд эрсдэлийг тодорхойлох,
үнэлэх, хянахад чиглэсэн арга хэрэгсэл гэж үздэг байна.

