Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Увс аймгийн нутаг дэвсгэрт 52 овог, 180 орчим төрөлд хамаарах 430 гаруй зүйлийн дээд гуурст ургамал бүртгэгджээ. Харин доод ургамлын талаар одоогоор нарийвчилсан судалгаа хийгдээгүй байна.
Тус аймгийн нутгаар хар мод, хус, хуш, нарс, улиас, бургас, улаан болон алтан харгана зэрэг модлог ургамал тархсан. Мөн алтан гагнуур, вансэмбэрүү, алтан хундага, нохойн хошуу, тарваган шийр, халгай, таван салаа, хунчир зэрэг эмийн ургамал ургадаг. Түүнчлэн Тэс, Бөхмөрөн, Хандгайт зэрэг голын хөндий дагуу чацаргана, үхрийн нүд, нэрс, гүзээлзгэнэ, тошлой зэрэг зэрлэг жимс, жимсгэнэ элбэг тохиолдоно.
Нутгийн ихэнх хэсэгт хүрэн хөрс тархсан бол хар шороон хөрс бага талбай эзэлдэг. Увс нуурын ай савын байгалийн өвөрмөц нөхцөл нь гарал үүсэл, чийгийн хангамж, шинж чанараараа ялгаатай олон хэв шинжийн хөрс бүрэлдэн тогтох нөхцөлийг бүрдүүлжээ. Хөрсний орон зайн тархалтад газрын гадаргын өндөр, налуугийн зүг чиг, салхины горим, цэвдэг, ургамлын бүрхэвч зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөлдөг байна.
Хөрсний бүтэц, бүрэлдэхүүний хувьд сийрэг, чулуурхаг, хөнгөн механик бүрэлдэхүүнтэй хэсэг зонхилох бөгөөд хөрсний үе давхаргын зузаан, сайр чулуу болон нунтаг шорооны харьцаа газар бүрд харилцан адилгүй ажээ.
Увс аймгийн нутаг дэвсгэр нь өндөр, нам уулс, ухаа гүвээт тал, толгод, тэгш дэнж, хотос хөндий, сайр хавцал, гүн жалга зэрэг газрын гадаргын олон янзын тогтоцтой. Мөн нуур, цөөрөм, гол горхи, рашаан булаг элбэгтэй. Газрын гадарга, ус, хөрс, уур амьсгалын ялгаатай нөхцөлөөс шалтгаалан хээр тал, нуга хөндий, элсэн цөл, бөөрөг манхан зэрэг байгалийн олон янзын орчин бүрэлджээ. Энэ нь ургамал, амьтны олон төрөл зүйл тархаж, нутагших таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна.
