Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол орны баруун хойд хэсэгт оршдог Увс аймаг нь Их нууруудын хотгор, Алтайн нурууны салбар уулсын бүсийг хамардаг. Газар зүйн байрлал, газрын гадаргын ялгаатай байдлаас шалтгаалан эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд нутгийн өмнөд, баруун хэсэг болон Увс нуурын сав газарт цаг агаарын нөхцөл харилцан адилгүй байдаг.
Тухайлбал, Завхан, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумын нутагт өвөл цас багатай, харьцангуй дулаан байх нь элбэг. Харин аймгийн бусад хэсэгт цасны зузаан 25-46 см хүрч, агаарын температур -30-40 градус хүртэл хүйтэрдэг.
Увс нуурын сав газарт багтах Тэс, Зүүнговь, Баруунтуруун сум, мөн Хяргас, Малчин, Тариалан, Түргэн, Сагил, Давст сумын төв болон аймгийн төв орчимд зуны улиралд агаарын температур 40 градусаас давж халдаг бол өвөл -30.5-50 градус хүрч хүйтэрдэг. Газрын хөрсний температур зарим үед -57 градус хүрдэг нь тус нутгийн өвлийн хүйтний эрч хэр зэрэг ширүүн байдгийг илтгэнэ.
Хур тунадасны хувьд аймгийн ихэнх нутгаар жилд дунджаар 140-200 мм хур тунадас унадаг бол уулын бүсэд 300-400 мм хүрдэг. Мөн агаарын даралт зарим үед 1055 гектопаскальд хүрдэг нь Увс нутгийн цаг уурын онцлогийн нэг юм.
Байгалийн ийм эрс тэс нөхцөлд дасан зохицож, мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн Увс нутгийнхан цаг агаарын өөрчлөлт, улирлын онцлогт нийцүүлэн амьдрал ахуйгаа зохицуулсаар иржээ.
Увс аймгийн газар нутгийн 8.2 хувийг хээр, 14.5 хувийг өндөр уул, 37.7 хувийг хээрийн бүс, 39 хувийг говь, цөлийн бүс эзэлдэг байна.
