Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом. 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын уул, ойд тархан байдаг нэн ховор амьтдын нэг нь хүдэр юм. Бугын овогт багтдаг энэ амьтан эвэргүй боловч дээд эрүүнээсээ гадагш ургасан хоёр соёотой, хүрэн бор зүстэй гэдгээрээ онцлог.
Хүдрийн биеийн урт нэг метр орчим, өндөр нь 60 см, жин нь 10-17 кг байдаг. Нуруу, хондлой болон биеийн хоёр талаар бүдэг шар толботой. Хойд хөл нь урд хөлөөсөө урт тул хондлой өндөр, хад асга ихтэй, бартаатай газраар дүүлэн харайж явдаг. Ихэвчлэн өтгөн ой, уулын сүүдэрлэг хэсэг, хад асгатай газарт байршдаг байна.
Хүдрийн ороо 12 дугаар сарын дунд үеэр орж, дараа жилийн 6 дугаар сарын сүүл, 7 дугаар сарын эхээр төллөдөг. Ихэвчлэн ихэр төл гаргадаг бөгөөд зарим нь хоёр жилд нэг удаа төллөдөг ажээ.
Хүдэртэй холбоотой цээр, домог яриа ардын дунд байдаг. Хүдрийг агнах үед нялх хүүхэд уйлах мэт дуу гаргадаг бөгөөд тэр дууг сонссон анчны үр хүүхэд өвчин зовлонд өртдөг хэмээн хөгшчүүл ярьдаг байжээ. Иймээс эртний анчид хүдрийг агнахаас цээрлэж, тааралдсан үедээ үр хүүхдээ ивээж явахыг бэлгэдэн сайн сайхныг хүсдэг байсан гэдэг.
Хүдрийг заарыг нь авах зорилгоор агнадаг байсан нь тоо толгой нь цөөрөхөд нөлөөлжээ. Заарыг үнэртэн үйлдвэрлэхэд ашигладаг байна. 1980-аад онд Монгол Улсад 40 мянга орчим хүдэр байсан бол одоо 400 хүрэхгүй болжээ.
Монгол Улсад нэн ховор амьтанд тооцогддог хүдрийн тархац нутгийн 13 хувь нь улсын тусгай хамгаалалтад байдаг. Иймээс хүдрийг хууль бус агнуураас хамгаалж, амьдрах орчныг нь хадгалан үлдэх нь тоо толгойг нь хамгаалахад чухал ач холбогдолтой юм.





#ӨНӨ_МӨНХИЙН_МОНГОЛЫГ_ХАМТДАА_БҮТЭЭНЭ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Дэ Нейче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар - The Nature Conservancy in Mongolia (TNC)
Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation