Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Увс аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хугацаат цэргийн алба хааж буй Улаангом сумын 10 түрүүч, байлдагчийн ар гэрт нийт 3.4 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн, түлээ, нүүрсний дэмжлэг үзүүллээ.
Энэхүү дэмжлэгийг эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн албаараа үе тэнгийнхнээ манлайлж буй алба хаагчдын ар гэрт хүндэтгэл илэрхийлэх зорилгоор зохион байгуулжээ.
Энэ үеэр Цэргийн штабын дарга Ө.Соёмбо 10 өрхөд хүнсний бүтээгдэхүүн, түлээ, нүүрсний дэмжлэгийг талархлын захидлын хамт гардуулан өгсөн байна. Хугацаат цэргийн алба хааж буй үр хүүхдүүд нь цэргийн эрдэмд суралцаж, эх оронч үзэлтэй, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй, сахилга баттай иргэн болон төлөвшиж байгааг сонссон ар гэрийнхэн нь талархал илэрхийллээ.
Энэхүү санаачилга нь цэргийн алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн албаны ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой талаар Увс аймгийн Цэргийн штабаас мэдээллээ.
