Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монголчуудын олон зуун жилийн түүх, нүүдэлчин соёл иргэншил, ард түмний хүсэл мөрөөдөл, ёс заншил, үнэт зүйлсийг уран яруу хэл найруулгаар илэрхийлэн хадгалж ирсэн аман зохиолын нэгэн томоохон төрөл бол тууль юм.
Энэхүү үнэт өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас Төв Азийн өргөмжлөлт туульч, Зууны манлай туульч, Монгол Улсын Төрийн ерөөлч Б.Баярмагнайгийн “Хаан Жангар” тууль хайлах соёлын өвийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
“Жангар” тууль нь Монгол туургатны аман зохиолын хосгүй өвийн нэг бөгөөд баатарлаг үйлс, эх орон, газар нутгаа хамгаалах үзэл, эв нэгдэл, шударга ёс, ард түмний сайн сайхан амьдралын тухай гүн утга санааг агуулдгаараа онцлогтой. Туульд туссан эдгээр үзэл санаа нь зөвхөн өнгөрсөн үеийн түүх, уран сайхны илэрхийлэл төдийгүй өнөө цагийн нийгэмд ч үнэ цэнээ алдаагүй үндэсний ухамсар, хүмүүжлийн чухал өв юм.
Тууль хайлах нь эртнээс уламжлагдан ирсэн өвөрмөц урлаг бөгөөд туульчийн цээжээр уламжлагдсан их өвийг аялгуу, хэмнэл, хоолойн чадал, уран дүрслэлээр амилуулдгаараа онцлог. Энэ нь зөвхөн зохиолыг уншиж, хүүрнэн өгүүлэх бус, олон үеийн турш хадгалагдсан түүхэн ой санамж, ардын сэтгэлгээ, соёлын уламжлалыг амьд хэлбэрээр хүргэж буй өв тээгчийн ур чадвар, өв соёлын илэрхийлэл юм.
Энэхүү үйл ажиллагаанд Сүхбаатар сумын иргэд оролцож, Монголын ард түмний оюуны үнэт өв, аман уламжлалын гайхамшиг болсон тууль хайлах урлагтай биечлэн танилцлаа. Ингэснээр иргэд, ялангуяа залуу хойч үеийнхэнд үндэсний түүх, өв соёлоо танин мэдэх, уламжлалт урлагийг хүндэтгэн дээдлэх, өвлөн уламжлуулахын үнэ цэнийг ойлгуулах ач холбогдолтой юм.
Аман уламжлалаар үеэс үед дамжин ирсэн тууль хайлах урлагийг зөвхөн сонсож сонирхох төдийгүй өв тээгчийн амьд гүйцэтгэлээр дамжуулан мэдрэх боломж бүрдүүлсэн нь энэхүү арга хэмжээний онцлог байлаа. Үндэсний өв соёлоо сурталчлан таниулах ийм төрлийн арга хэмжээ нь монголчуудын түүхэн ой санамж, соёлын өвөрмөц байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал хувь нэмэр болох юм.