Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт 2027 онд эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, дэд бүтцийн чиглэлээр улсын төсвийн нийт 58.1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийхээр төсөвт тусгажээ.
Шинээр эхлүүлэх томоохон бүтээн байгуулалтаас дурдвал, Айраг суманд 8.05 тэрбум төгрөгөөр төвлөрсөн халаалтын зуух, гадна дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ болон холбогдох барилга байгууламж барина. Мөн Сайншанд сумын Хамарын хийдийн гурван замын уулзвараас Зүүнбаян чиглэлд 8.5 км хатуу хучилттай авто замыг 4.63 тэрбум төгрөгөөр тавихаар төлөвлөжээ.
Өмнөх төслүүдийн хувьд, аж үйлдвэр, эрчим хүчний салбарт Алтанширээ сумын газрын тос боловсруулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кВ-ын Ширээт дэд станцыг 12.20 тэрбум төгрөг, дээд боловсролын салбарт АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн цогцолборын барилгын ажлыг дуусгахад 13.09 тэрбум төгрөг, Сайншанд суманд барьж байгаа 700 хүний суудалтай "Саран хөхөө" театрын барилгын ажлын үргэлжлэл санхүүжилт болох 9.35 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөжээ.