Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 10 сумын нутагт зудын эрсдэл их болон нэн их гэж үнэлэгдсэн бөгөөд 11 дүгээр сарын урьдчилсан төлөвөөр аймгийн ихэнх нутгаар мал өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлснээр Отгон, Их-Уул, Тэс сумын нийт нутаг, Шилүүстэй, Идэр, Баянтэс, Завханмандал, Түдэвтэй, Сонгино, Нөмрөг сумын нутгийн 40–70 хувьд зудын эрсдэл их болон нэн их гэж үнэлсэн байна.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан 11 дүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр Монгол орны нийт нутгийн найман хувьд мал өвөлжилт нэн их, 18 хувьд их, 33 хувьд дунд, 24 хувьд бага зэрэг хүндрэлтэй, 16 хувьд хүндрэлгүй байх төлөвтэй байна. Тухайлбал, Завхан аймгийн ихэнх нутаг болон бусад хэд хэдэн аймгийн зарим хэсэгт мал өвөлжилт их болон нэн их хүндрэх төлөв гарчээ.
Завхан аймгийн зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 30 орчим хувьд бэлчээрийн даац 1-5 дахин хэтэрсэн бол үлдсэн 70 орчим хувьд бэлчээрийн хүрэлцээ боломжийн буюу нөөцтэй гэж үнэлжээ. Аравдугаар сарын 20-ны хээрийн цасны хэмжилтээр тус аймгийн зарим суманд цасны зузаан 1-9 см, Яруу, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Түдэвтэй, Их-Уул суманд 10-18 см, Идэр суманд 20-50 см байжээ.
Цасны хэмжээ, бэлчээрийн даац цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан өөрчлөгдөх тул малчид өвс, тэжээлийн нөөцөө базааж, өвөлжөө, хаваржааны бэлтгэлээ хангах шаардлагатай. Мөн цаг агаарын урьдчилсан мэдээ, зудын эрсдэлийн талаарх шинэчилсэн мэдээллийг тогтмол авч, бэлтгэлээ тухайн нөхцөлд тохируулан хийхийг зөвлөж байна.
Мал өвөлжилтийн нөхцөл байдал өөрчлөгдөх бүрд зудын урьдчилсан төлөвийг цаг агаарын бодит ажиглалт, нарийвчилсан мэдээнд үндэслэн шинэчлэх талаар Завхан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.